Д.Трамп: Мансууруулах бодис ачсан хөлөг онгоцонд цохилт өгсөн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-16 09:44:58

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 16 /Reuters/. АНУ-ыг чиглэн явж байсан Венесуэлийн хар тамхины бүлэглэлийн хөлөг онгоцонд цэргийнхэн цохилт өгсөн гэж Ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт мэдэгджээ. Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногт мансууруулах бодис тээвэрлэдэг байж болзошгүй хөлөг онгоцуудад өгсөн хоёр дахь цохилт болж байна. 


Д.Трампын хэлснээр, цохилтын улмаас гурван хүн амь үрэгджээ. Мөн уг явдал олон улсын усан орон зайд болсон гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна. Гэхдээ уг хөлөг онгоцоор мансууруулах бодис тээвэрлэж явсан гэдгийг нотлох баримтуудыг дэлгэсэнгүй.


“Өнөө өглөө миний тушаалаар АНУ-ын цэргийн хүч Өмнөд командлалын хариуцдаг бүсэд мансууруулах бодисны картель болон наркотеррористуудын эсрэг хоёр дахь удаагаа цохилт өглөө” гэж Д.Трамп “Truth Social” хаягтаа бичжээ. “Эдгээр мансууруулах бодисны наймааны картелиуд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, амин чухал ашиг сонирхолд аюул учруулж байна” гэдгийг тэрбээр дурдсан байна.


АНУ-ын Өмнөд командлал /SOUTHCOM/ бол Өмнөд болон Төв Америк, Карибын тэнгисийн 31 улсыг хамардаг цэргийн командлал юм.


Д.Трампын нийтлэлд  “Нууцад хамаарахгүй” гэсэн тэмдэглэгээ бүхий 30 секундийн дүрс бичлэгийг хавсаргасан бөгөөд үүнд хөлөг онгоц дэлбэрснийхээ дараа шатаж байгааг харуулсан байна. “Бидэнд нотлох баримт бий. Далай даяар цацагдсан том ууттай кокаин, фентанил зэргийг та харж болно” гэж тэрбээр даваа гаргийн орой мэдэгджээ.


Ройтерс агентлаг хиймэл оюун ухаант хэрэгслийг ашиглан дүрс бичлэгийг эхний байдлаар шалгасан боловч хэсэгчлэн бүдэгрүүлсэн байсан тул дүрс бичлэгийг өөрчилсөн эсэхийг тодруулах боломжгүй байжээ. Гэхдээ нарийвчилсан баталгаажуулах үйл явц үргэлжилж байгаа гэнэ.


Венесуэлийн Харилцаа холбооны яам энэ талаар тайлбар авах хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.


Карибын тэнгисийн өмнөд хэсэгт АНУ-ын арми хүчээ зузаатгаж буй үед дээрх цохилтыг өгчээ. Д.Трампын засаг захиргаа тус бүсэд радарт үл үзэгдэх 10 сөнөөгч онгоцыг байрлуулахыг тушаасны дараа бямба гарагт Америкийн “F-35” онгоц Пуэрто-Рикод газардсан байна. Мөн тус бүс нутагт АНУ-ын 7 байлдааны хөлөг онгоц, нэг цөмийн шумбагч хөлөг онгоц байрлажээ.

Связанные новости