Улс төрийн эмэгтэй манлайлагчид хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Азийн Эмэгтэй Парламентчдын бүлгийн чуулга уулзалт “Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого” сэдвээр Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө болж байна.
Чуулга уулзалт “Ажиллах
хүч бүрдүүлэгч эмэгтэйчүүд: Цалингийн зөрүүг арилгах нь” хуралдаанаар үргэлжилж, “Ижил
хөдөлмөрт ижил цалин олгох” эрх зарим оронд харилцан адилгүйг хэлэлцэв.
Тухайлбал эмэгтэйчүүд түлхүү ажилладаг
салбарт бага цалин өгч, заримдаа хөлс
тооцдоггүй хандлага нь тэднийг
ядууруулах нэг шалтгаан
болдог. Газар зүйн байршил, улс орны соёл, эдийн засгийн байдлаас хамаараад
үнэлгээ сайн ажлын байранд эрчүүд ажилладаг нь санхүүгийн эрх чөлөөг боомилж, шийдвэр
гаргах түвшинд бүсгүйчүүд манлайлахад саад болдог. Монголын уул
уурхай, барилгын харьцангуй цалин
сайн ажлын байранд эрчүүд голдуу ажилладаг нь энэ ялгааг даамжруулдаг жишээг УИХ-ын гишүүн
Б.Жаргалан дурдаад, энэ мэт асуудалд анхаарах нь чухал хэмээв.
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал, эдийн засгийн эрх мэдлийг дээшлүүлэх бодлогыг чухалчлах нь зөвхөн хүйсийн тэгш эрх бус, ядуурлыг бууруулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, тогтвортой байдлын үндэс болдгийг уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон. Тэрбээр, манай улс эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэх бодлого баримталж, 2025 оны хавраас УИХ-ын даргын ивээл дор “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдэх үйл ажиллагааг бүс нутагтаа эхлүүлсэн нь бизнес эрхлэхэд олон улсаас санхүүгийн дэмжлэг авах боломж бүрдэнэ гэсэн юм.
Азийн эмэгтэй парламентчдын чуулганы салбар хуралдаан “Хүйсэд суурилсан төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд парламентын үүрэг, оролцоо” сэдвээр өрнөж, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл удирдан, Шри Ланкаын Парламентын гишүүн, доктор Каушаля Арияратне, Конрад Аденуэрын сангийн Азийн бүсийн хөтөлбөрийн менежер Мегха Сарма мэдээлэл танилцууллаа. Энэ үеэр төсөвт нийгмийн зорилтот бүлгийн боловсрол, эрүүл мэнд, хэрэгцээ, шаардлагыг шийдэхэд хэр хэмжээний хөрөнгө гаргаж байгаагаар нь тухайн орны хууль тогтоох байгууллагын хүний эрх, жендэрийн мэдрэмж, хандлагыг тодорхойлж болох талаар ярилцав. Чуулга уулзалт “Хүйсийн тэгш байдлыг хангах дижитал шилжилт: Хиймэл оюун ба дижитал санхүүгийн тэгш хүртээмж”, “Цалин хөлсгүй асаргаа, халамжийн хөдөлмөрийг үнэлж, дэмжих шилдэг туршлага: Азийн сургамж”, “Эмэгтэйчүүд, бизнес эрхлэлт ба санхүүжилтийн хүртээмж” сэдвийн хүрээнд таван салбар хуралдаанаар үргэлжилж байна.
УИХ, ХБНГУ-ын Конрад
Аденауэрийн сан хамтран бүс нутгийн
улс төрийн эмэгтэй манлайлагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан
ойлголцол, эв нэгдлийг бататгах зорилгоор зохион байгуулсан уулзалтад Бутан, Япон, БНЭУ, Малайз, Малдив, Непал, Филиппин,
Сингапур, БНСУ, Шри Ланка,
Тайланд, Германы эмэгтэй парламентчид, хүний эрх, жендэр, эдийн засаг, эмэгтэйчүүдийн байгууллагын
төлөөлөл оролцжээ.