Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айлыг иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн V хороонд энэ жил 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлж байна.
Энэ талаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар ярихдаа, “Бид байшингуудыг B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ын, 10 см зузаантай XPS хөөсөөр, харин дээврийн хөндийг эрдэст хөвөнгөөр дулаалж байна. Тухайн айл байшингийнхаа гадна талын фасадыг хийнэ. Мөн цонх, шалаа өөрсдөө дулаалж, гонхоо хийх шаардлага тавьж байна. Ингээд шаардлага хангасан тохиолдолд хийгээр ажилладаг халаагуурын төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүйгээр суурилуулж өгөх юм. Энэхүү төхөөрөмж нь дүүргийн өмчид бүртгэлтэй. Хийн төхөөрөмж суурилуулсан айлуудад галлагааны улиралд 900 мянган төгрөгийн үнийн хэрэглээний урамшуулал олгоно. Улаанбаатар хотын салхины урсгал хойноосоо байдаг. Тиймээс Гандан, Зурагт, Дэнжийн мянга орчмын байршлыг сонгосон. Ирэх жил нийт 50 мянган айлыг дулаалж хий, цахилгаанд шилжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна” гэлээ.
Баянгол, Чингэлтэй дүүрэгт дулаалж буй өрхүүдийн 1300 нь монгол гэрт амьдарч байна. Монгол гэрийг НҮБ-ын Хүүхдийн сангийн “Чип” төслийн хүрээнд дулаалж байна. “Чип” төслийн гэр дулаалга нь найман хэсгээс бүрдэж байгаа бөгөөд дулаан алдагдлыг 50-60 хувиар бууруулах тооцоотой аж. Мөн ийм хэмжээний эдийн засгийн хэмнэлт үүсгэхийг албаныхан онцоллоо.
Нийслэлд 2028 он гэхэд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 103 мянган айл өрхийг хий болон цахилгаан хэрэглээнд шилжүүлэх зорилт тавьжээ.