Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 109 жилийн ой тохиож байна.
Ойг тохиолдуулан Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө. Уг ёслолд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэдийн төлөөлөл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд тэргүүтэй хүмүүс оролцов.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, “Энэ бол бид эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө бүхнээ зориулсан МАН-ын төдийгүй Монгол Улсын түүхийг бүтээлцсэн эрхэм хүмүүн Цэдэнбал агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж ард түмний бахархал, талархлыг илэрхийлдэг өдөр юм. Цэдэнбал дарга нь манай нам болон Монгол Улсыг 40 гаруй жил тэргүүлэхдээ тусгаар тогтнолыг бүрэн бэхжүүлж чадсан төдийгүй орчин үеийн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үндэс суурийг баттай бий болгосон гэж үздэг” гэжээ.
Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 109 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөх ёслолын үеэр зарим хүнд Ю.Цэдэнбал академийн хүндэт шагналыг гардуулжээ.