СҮХБААТАР: БНСУ-ын нүдний эмч нарын баг Эрдэнэцагаан суманд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-17 18:14:01

Баруун-Урт 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Тунгалаг мэлмий хүмүүнлэгийн аяны хүрээнд БНСУ-ын “Юүжин оптикал” эмнэлгийн нүдний нарийн мэргэжлийн эмч нарын баг Эрдэнэцагаан суманд ажиллалаа. Мэргэжлийн эмч нарын баг орон нутгийн иргэд, малчдад хараа зүйн цогц үйлчилгээг үзүүлж байна.


 

Мөн Эрдэнэцагаан сумын 1000 иргэнд харааны шил тохируулан бэлэглэхийн зэрэгцээ ард иргэдийн дунд нийтлэг байгаа нүдний өвчлөл түүний учир шалтгааныг тодорхойлж зохих эмчилгээ зөвлөгөөг өгч байгаа юм.

 

Газар нутгийн онцлог, амьдралын хэв маягаас шалтгаалан ихэнх насны иргэдийн нүдэнд хуурайшилт бий болсон байгааг эмч нар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл тал нутгийн салхи, шороон шуурганы үед урьдчилан сэргийлэх нүдний шил хэрэглэж заншаагүй нь уг өвчний суурь шалтгаан болдог байна. Ийм байдалтай удаан явснаар нүдний эвэрлэг бүрхэвч, салст гэмтэх эрсдэлтэй. Цаашлаад нүдний хараа муудах үндсэн шалтгаан болдог байна. Тиймээс нүдээ маш сайн хамгаалж, урьдчилан сэргийлж дадах нь чухал гэдгийг эмч нар зөвлөж байв.

 

Энэхүү Тунгалаг мэлмий хүмүүнлэгийн аяныг зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн “Эргэх холбоо” нэгдсэн ажлын алба болон УИХ-ын гишүүн У.Отгонбаярын санаачилгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэх юм байна







Связанные новости