СҮХБААТАР: Аймгийн төвийн сургуулиудыг байгалийн ухааны лабораторитой болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. "Цайрт минерал" компани аймгийн төвийн ерөнхий боловсролын дөрвөн сургуульд байгалийн шинжлэх ухааны иж бүрэн лаборатори ангийг байгуулж, сургуулийн удирдлагуудад хүлээлгэн өгчээ.
Нийт 160 сая төгрөгийн санхүүжилтээр тохижуулан тус лаборатори нь хими, физик, байгалийн шинжлэх ухааны хичээлийн зориулалт бүхий гурван компьютер, хоёр төрлийн микроскоп, туршилтын бусад хэрэглэгдэхүүнүүд, ширээ сандал, самбар зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөс бүрдэх бөгөөд ширээ, сандлууд нь физик, химийн туршилт хийхэд зориулагдсан тусгай хамгаалалт бүхий гэдгээрээ онцлог.
Энэ нь "Цайрт минерал" компаниас санаачлан Төмөртийн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэрийн 20 жилийн ойн нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил юм.
Тус компани нь аймаг, сумтай байгуулсан гурвалсан гэрээний хүрээнд орон нутагт тогтмол хөрөнгө оруулдаг төдийгүй эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой ач холбогдол өгч, тэр хэрээрээ хөрөнгө оруулалт хийдэг. Дээрх ажил нь зөвхөн 20 жилийн ойн хүрээнд санаачлан хийсэн нэг удаагийн санхүүжүүлэлт юм.