Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-09-18 09:59:23

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 18 /Reuters/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ лхагва гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулсан нь өнгөрсөн оноос хойших анхны ийм шийдвэр боллоо. 


Тодруулбал, бодлогын хүүг 4.0-4.25 болгож бууруулсан байна. Ерөнхийлөгч Дональд Трампын татвар ногдуулах шийдвэр инфляц болон эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа тул ХНС хүүг бууруулахаа нэгдүгээр сард түр зогсоогоод байсан юм.


Инфляц өсөж, бага зэрэг өндөр хэвээр байгаа боловч хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой эрсдэл нэмэгдэж байгаа тул бодлогын хүүг бууруулахаар шийдвэрлэсэн гэж ХНС мэдэгджээ. Хэдийгээр инфляц ХНС-гийн зорилтот түвшин буюу 2 хувиас бага зэрэг давсан хэвээр байгаа боловч сүүлийн саруудад шинээр бий болсон ажлын байрны тооны өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэнийг тоо баримт харуулж байна.


Бодлогын хүүг бууруулах, зээлийн хүүгийн түвшинг бууруулах нь шинэ ажлын байрны тоо, хэрэглээний зардлыг нэмэгдүүлэхийн тулд Төв банкуудын ашигладаг хэрэгсэл юм. Харин ХНС-гийн шинэ тэргүүн, Д.Трампын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Стивен Миран 25 нэгжээр бус харин 50 суурь нэгжээр бууруулах санал гаргажээ. С.Миран энэ долоо хоногийн эхээр тангараг өргөсөн юм. Тэгвэл бодлогын хүүг тогтоодог Холбооны нээлттэй зах зээлийн хорооны санал өгөх эрхтэй бусад 11 гишүүн 25 суурь нэгжээр нэгжээр бууруулахыг дэмжсэн байна. Мягмар гарагт Ардчилсан намынхан С.Мираныг ХНС-гийн тэргүүний тангараг өргөснөөс хэдхэн цагийн дараа Цагаан ордон ба ХНС-гийн хоорондын бие биеэс үл хамаарах байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг өргөн барьжээ.


Үүний зэрэгцээ Д.Трампын засаг захиргаанаас ХНС-гийн удирдах зөвлөлийн гишүүн Лиза Күүкийг огцруулахаар оролдож буйг үл харгалзан давж заалдах шатны шүүхээс түүнийг хуралд оролцуулахыг зөвшөөрсөн захирамжийг хэвээр үлдээсэн байна.


Бодлогын хүүг энэ онд дахин хоёр удаа, ирэх онд нэг удаа бууруулна гэж ХНС-гийн төлөөлөгчид урьдчилан таамаглаж байгаа ажээ.

 


Связанные новости