О.Цогтгэрэл: Эрх баригчид бодлогын өөрчлөлтгүй төсөв өргөн барьсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-22 14:20:59

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.

 

Тус хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн мэдээллийг сонссон аж. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл 2026 оны төсөвтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Засгийн газар ирэх оны төсвийн төслийг төрийн оролцоо багатай, татварын хувь хэмжээг бууруулсан байдлаар боловсруулсан хэмээн мэдээлж буй.


Гэвч төсвийн төсөлд тусгаагүй Монгол банк, Хөгжлийн банк болон төрийн өмчит компаниудаар дамжуулан төсвөөс гадуур зарцуулдаг зарцуулалтыг нягтлах шаардлагатай.


Түүнчлэн Монгол Улс өндөр татвартай улс биш гэсэн тайлбарыг өгч байгаа ч хураамж, шимтгэл гэх зэрэг татварын шинжтэй татаасуудыг нэмж тооцвол манай улс татварын ачаалалтай оронд ордог. Тиймээс Ардчилсан намын бүлгээс татварын хувь хэмжээг бууруулахыг цаг ямагт шаардсаар ирсэн.


 

Үүний зэрэгцээ төсвийн хэлэлцүүлгийн шатлалыг 5 болгон нэмсэнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Түвшингээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг төсвийн хоёр дахь шатны хэлэлцүүлгийн үеэр дүгнэлтээ гаргасан байх болно. Уг дүгнэлттэй холбогдуулж Засгийн газраас өргөн барьсан энэхүү төсвийн төслийг дэмжих, эс дэмжих эсэх дээр бодлогын байр суурь илэрхийлнэ. Товчдоо бол, эрх баригчид бодлогын ямар нэг өөрчлөлтгүй төсөв өргөн барьсан” гэлээ.

Связанные новости