Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсөв, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын ирэх
оны төсөвтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсныг УИХ-ын Хэвлэл
мэдээллийн газраас мэдээллээ.
Тухайлбал, УИХ-ын
гишүүн Б.Баярбаатар, төрийн албан хаагчийн есөн хувийг цомхотгохын эсрэг байр
суурьтай байсан. Цомхотголыг дагаад
7000 мянган хүн тэтгэвэрт гарах өргөдлөө өгчээ. Тэдэнд олгох нэг удаагийн
тэтгэмж 375 тэрбум төгрөгийг жилдээ олгох боломжгүй учир хоёр хуваана гэжээ. Тэтгэврийн
сан 20 мянган хүний тэтгэмжийг дийлэх үү?
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
Н.Учрал, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд есөн хувийг хэмнэх зорилтыг
тусгасан. Сүүлийн 10 жилд төрийн албан хаагчийн тоо 39.3 хувиар өссөн. Зарим
үйлчилгээг цахим болгож, давхардсан чиг үүргийг нэгтгэхэд 2.2 их наяд төгрөг
хэмнэх тодотгол хийснээр эдийн засгийн өсөлтийг 5.7 хувьд тооцох
бололцоо бүрдсэн. Есөн хувийн цомхотгон, давхардсан чиг үүргийг
нэгтгэснээр цалингийн зардал 683.2 тэрбум, төсвийн хэмнэлт 815.5 тэрбум
төгрөгөөр буюу төсвийн зардлын 2.85, ДНБ-ий 1.22 хувьтай тэнцэх хэмжээний
хэмнэлт хийсэн. Ерөнхий сайдын зарласан
дижитал пост санаачилгын дүнд Засгийн газар мэдээлэл технологийн виртуал бүс байгуулан компаниуд онлайнаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг амилуулах
журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан хэмээн хариуллаа.
УИХ-ын гишүүн
Д.Энхтуяа, Салбарын яам ахмад настны хөдөлмөр эрхлэхийг дэмжих, ахмадын
өргөө байгуулах, сэргээн
засах төвүүд бий болгох, хувийн
хэвшлийнхэн ахмадын асрамжийн
барилга байгууламж барихыг дэмжинэ гэж
амласан. Ирэх оны төсөвт инфляцтай уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг зургаан
хувиар нэмнэ гэснээс өөр дэмжлэг харагдахгүй байна. Ахмадуудын хөдөлмөр эрхлэх, нийгмийн
оролцоог хангахад 2026 оны төсөвт хэдий хэмжээний хөрөнгө тусгасныг тодруулсан.
ГБХНХ-ын сайд
Т.Аубакир, салбарын 2026 оны төсөвт ахмад настныг дэмжих үйл ажиллагааны төсөвт
1 их наяд 270.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Нийгмийн халамжийн
сангаас 543 мянган ахмад настанд 250.5 тэрбум төгрөг зарцуулна. Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрт 2065 ахмад настныг хамруулж 11.7
тэрбум, Улсын төсвөөс ахмад настны асрамжийн үйлчилгээнд 8.7 тэрбум
төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Салбарын яам ахмадын сувилал, хувийн
хэвшлийнхэнтэй хамтран хувьсах зардлыг нь шийддэг. Ахмад настны тэтгэврийг 1.5
сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байгаа ч салбарын яам төсөв, инфляцтай
уялдуулан 10 орчим хувиар нэмэх нь зүйтэй гэсэн тооцоо гаргасан. Ахмад настныг ажиллуулж
буй байгууллага, ахмад настан тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх
зэрэг тодорхой заалтыг хуульд тусгасан гэв.
УИХ-ын гишүүд
шатахууны нийлүүлэлт, татварын шинэчлэлийг хэрхэн хийх талаар тодрууллаа.
АҮЭБ-ийн сайд
Г.Дамдинням, Наймдугаар сард ОХУ-ын нефьт боловсруулах 12 үйлдвэр, тээврийн гол
зангилаа хэсгийн 4-5 нь халдлагад өртсөн нь тус улсын нефьтийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх хүчин чадлын 17-20 орчим хувир багасжээ. Иймд ОХУ бензиний экспортоо хязгаарласан ч гэрээний
дагуу нийлүүлж байгаа. Цаашид хүнд болох төлөвтэй. Шатахуун нөөцлөх
сав барих хэрэгтэй байна. Манай улсын шатахуун нөөцлөх хүчин чадал 210 мянган
тонн. 27 хоногийн нөөцөө хадгалж чаддаг. Хөнгөлөлттэй зээлийн эх
үүсвэр гаргаж, нөөц хадгалдаг савтай болохыг шийдэх хэрэгтэй. Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 3-6 сарын шатахуун нөөцлөх
савтай болох зорилт тусгасан. 2027 онд Алтанширээд барьж буй үйлдвэрээ
ашиглалтад оруулахыг зорьж байна.
Сангийн сайд
Б.Жавхлан, Засгийн газар татварын шинэчлэлийг хийхээр бэлтгэж байна. Бодлогоо
2026, 2027,2028 онд төсөвт үе шаттай хэрэгжүүлнэ. Энэ нь иргэд, аж
ахуйн нэгжүүдэд очиж буй татварын дарамтыг бууруулах, эдийн засгийн идэвхжлийг
дэмжих, татварын суур баазыг тэлэх зорилготой. Хамгийн эхэнд нэг сая төгрөг
хүртэлх татварын урамшууллыг таван хувьд хүргэнэ. Ингэхдээ НӨАТ-ын
суурийг хөдөлгөнө гэж тооцсон. Эргэлтэд орохгүй, татварт бүртгэгдэхгүй үйлчилгээг бүртгэж, татварын суурийг тэлнэ. Татвар төлөгч аж ахуйн нэгж 256 мянга бий ч, 172 мянга нь идэвхтэй
үйл ажиллагаа явуулдаг. Мөн хоёр сая 554 мянган иргэн татвар төлөгчийн
бүртгэлтэй гэлээ.
Сангийн яам,
Татварын ерөнхий газар, ЦХИХХЯ хамтран төлбөрийн баримтыг цаасгүй, автоматаар
бүрдүүлж эхэлсэн. Татвар төлөгчөө таньж мэдэх, зөвлөн туслах, байршилд
суурилсан бааз суурийг нэмэх аппликейшн нээн зах, худалдааны төв, бусад
үйлчилгээний газар, бизнес эрхлэгчдийг хамруулж, е-баримт олгож буй эсэхийг
хянаж байна. Ингэснээр е-баримт олголтыг 74 хувиар нэмнэ гэж тооцжээ.
ЦХИХХ-ны сайд Э.Батшугар, ирэх долоо хоногт е-баримтыг худалдан авалт хийсэн картаар дамжуулан автоматаар бүртгэдэг болно хэмээв. Иргэд зогсоолын баримтыг тоодоггүй, код нь гүйцэд уншигдахгүй зэргээс болоод е-баримтаа бүртгүүлдэггүй. Нийт баримтын 50 хувь нь орхигддог. Тиймээс иргэд банкны картаа е-баримтын системд бүртгүүлснээр тухайн картаар хийсэн худалдан авалтын е-баримт автоматаар бүртгэнэ. Эхний гурван банк ирэх долоо хоногт, цаашдаа бүх банк энэ системд холбогдоно гэж хариулав.