К.Роналду 1 тэрбум фунтийн гэрээг “Nike”-тай байгууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМАДРИД./CNN/. Испанийн “Реал Мадрид” клубын алдарт хөлбөмбөгчин К.Роналду насан туршдаа “Nike” компанитай хамтран ажиллах тухай гэрээ /lifetime contract/ байгуулсан нь түүний дансан дахь мөнгийг асар ихээр нэмэгдүүлэв.
Ням гарагт К.Роналду 2021 оныг хүртэл 5 жилийн хугацаагаар тоглох гэрээг “Реал Мадрид”-тай дахин үзэглэсэн нь түүнд олон сая фунтийн орлого олох боломжийг олгосон билээ. К.Роналдугийн хувьд насан туршдаа хамтран ажиллах гэрээг “Nike”-тай байгуулсан түүхэн дэх гурав дахь тамирчин болж байна .“Nike”-ийн хувьд ийм гэрээг өмнө нь NBA-ийн одод болох Майкл Жордан, ЛеБрон Жеймс нартай байгуулж байсан юм. К.Роналдутай хийсэн гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй боловч тэрбээр зодог тайлсныхаа дараа ч “Nike”-тай хамтран ажилласаар байх нь тодорхой юм.
2003 онд Майкл Жордан зодог тайлсан хэдий ч “Nike” компани түүнд 1993 оноос хойш нийт 473 сая доллар төлсөн байна.
“Энэ шинэ гэрээ бол миний амьдралд маш чухал гэрээ боллоо” хэмээн К.Роналду онцлон хэлжээ. “Nike” компани 2003 оноос хойш Роналдуг ивээн тэтгэж байгаа билээ. Энэ хугацаанд Роналду “Nike”-ийн үйлдвэрлэсэн “Mercurial” гэдэг брэндийн 60 өөр төрлийн хөлбөмбөгийн пүүзийг өмсөн сурталчилсан байна.
Тэрбээр 2016 онд “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтын тэргүүнд бичигдсэн юм. Харин одоо тэрбээр “Реал Мадрид”-тай хийсэн гэрээгээ сунгасан болон “Nike”-тай насан туршийн гэрээ байгуулснаар энэ жагсаалтын тэргүүн байраа улам бататгах нь дамжиггүй.
Х.Сарнай