ДАРХАН-УУЛ: Баг тамирчид зуны спортын XVI наадмын дэд байрт шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болж өндөрлөлөө. Уг наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор 3400 тамирчин 879 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Баянхонгор аймагт спортын 17, Улаанбаатар хотод спортын 11 төрөлд тэмцээн болсон байна. Монголын бүх ард түмний спортын XVI наадамд Дархан-Уул аймгийн баг тамирчид 17 алт, 12 мөнгө, 21 хүрэл нийт 50 медаль хүртэж дэд байрт шалгарсан амжилт үзүүлснийг БТСГ-аас мэдэгдлээ.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг тус наадмын хөнгөн атлетикийн шигшээ төрөлд Дархан-Уул аймгийн баг 10 алтан медаль, 4 мөнгөн медаль, хүрэл медаль наймыг хүртэж Монгол улсын насанд хүрэгчдийн үндэсний дээд амжилтыг дөрвөн төрөлд шинэчлэн тогтоожээ.
Спортоор хичээллэхэд хүүхэд, багачуудыг дэмжиж, дугуйланд хамрагдах нөхцөлийг бүрдүүлдэг, бүх төрлийн спортыг орон нутагтаа хөгжүүлэхэд байнга анхаарч, дэмждэг орон нутгийн удирдлагуудад БТСГ-ын хамт олон, спортын холбоод, багш, дасгалжуулагч, эцэг эхчүүд талархал илэрхийлж байна.
Ташрамд, Монголын бүх ард түмний спартакиад 1961, 1963, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1992, 2000 онд болж, Монголын
бүх ард түмний спортын наадам 2004, 2008, 2012, 2016, 2022 онд болж байв.
Анхдугаар спартакиадын өвөл,
зуны төрөлд “Алдар”, Булган” нийгэмлэгүүд тэргүүлж байжээ.



