Америкийн гол гурван индекс түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-09-23 15:18:30

НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 23 /AP/. Даваа гарагт Америкийн хөрөнгийн биржүүдийн арилжаа өссөн үзүүлэлттэй хаагдаж, гол гурван индекс бүгд түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.


Ийнхүү өсөхөд АНУ-ын инфляцын талаарх мэдээлэл нийтлэгдэх гэж буй энэ үеэр Холбооны нөөцийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн мэдэгдэл хийсэн нь нөлөөлсөн байна.  


“Бодлогын хүү хэт өндөр байна. Америкийн хөдөлмөрийн зах зээлийг хамгаалахын тулд бодлогын хүүг бууруулах хэрэгтэй” гэж ХНС-гийн удирдах зөвлөлийн гишүүн Стивен Миран мэдэгджээ. Тэрбээр Нью-Йоркт болсон хурлын үеэр хэлэхдээ “одоо мөнгөний бодлого хэт хатуу байна. Богино хугацааны зээлийн хүү хэвийн хэмжээнээс 2 нэгж орчим хувиар өндөр хэвээр байвал цомхотгол, ажилгүйдэл нэмэгдэх эрсдэлийг бий болгоно” гэжээ.


Өнгөрсөн долоо хоногт Америкийн Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулсан юм. С.Миран ХНС-гийн нээлттэй зах зээлийн хорооны гишүүдээс ганцаараа энэ шийдвэрийг эсэргүүцэж, бодлогын хүүг 50 суурь нэгжээр бууруулах санал дэвшүүлсэн байна. Ташрамд дурдахад, тэрбээр  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ойрын хүрээллийн хүмүүсийн нэг бөгөөд есдүгээр сарын хурлын өмнөхөн ХНС-ын удирдлагад багтжээ. 


Энэ баасан гарагт ХНС-гийн хянадаг инфляцын үндсэн үзүүлэлтүүд (PCE Core индекс), иргэдийн орлого, зарлагын талаарх наймдугаар сарын тайлан нийтлэгдэнэ.  


Даваа гаргийн арилжааны явцад “Apple” компанийн хувьцаа 4.3 хувиар өсжээ. Тус компани "iPhone 17"  шинэ ухаалаг гар утасных нь урьдчилсан захиалга өнгөрсөн амралтын өдрүүдэд нэмэгдсэнтэй холбогдуулан уг загварын үндсэн хувилбарын үйлдвэрлэлийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэхийг дор хаяж хоёр ханган нийлүүлэгчээсээ хүссэн байна.


Америкийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн хувьцаа 3.9 хувиар өсжээ. Тус компани “ChatGPT” чат ботыг хөгжүүлэгч “OpenAI” компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд “OpenAI”-гийн дараагийн үеийн хиймэл оюуны дэд бүтцэд зориулан нийт 100 тэрбум хүртэлх ам.долларын хөрөнгө оруулна. 


“Pfizer” компанийн хувьцааны үнэ 0.1 хувиар өсжээ. Тус компани тураах эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Metsera” компанийг худалдан авах тухай мэдээлэл цацагдсаны дараа хувьцааных нь ханш өссөн байна. “Metsera”-гийн хувьцаа 61 хувиар өсжээ. 


“Oracle” корпорацын зах зээлийн үнэлгээ 6.3 хувиар өссөн байна. Тус компани Сафра Кацын оронд Клэй Магуйрк, Майк Сицилия нарыг гол гүйцэтгэх захирлаар томилсон бол Сафра Кац компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх дэд даргын албан тушаалд шилжинэ.


“Dow Jones Industrial Average” индекс 0.14 хувиар өсөж, 46381.54 нэгж, “Standard & Poor's 500” индекс 0.44 хувиар өсөж, 6693.75 нэгж, “Nasdaq Composite” индекс 0.7 хувиар өсөж, 22788.98 нэгж болсон байна.



Связанные новости