Чиндаогийн гранприд Монголын 14 жүдоч барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооны хуваарьт багтсан гранпри ангиллын тэмцээн Хятадын Чиндао хотод энэ сарын 26-нд эхэлнэ.
26 орны 205 жүдоч оролцох тус тэмцээнд зодоглох Монголын тамирчид өнөөдөр Чиндаог зорилоо. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд 15 тамирчин барилдах бөгөөд бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Т.Түмэнжаргал, Б.Сүхбат, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Л.Энхдөл, Д.Будсүрэн, 81 кг-д О.Шинэбаяр, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Ц.Гал-Од, Б.Уранзаяа, 57 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Л.Энхрийлэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлагад оролцоно.
Тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 26-нд эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болно. Тэгвэл 27-нд эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70, 28-нд эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн барилдаан болох хуваарь гарчээ. Энэхүү тэмцээний медалийн төлөөх барилдааныг С1 телевиз эх орон даяар шууд дамжуулна.