Авлигын эсрэг олон улсын хуралд АТГ-ын дарга Х.Энхжаргал оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-14 16:09:41

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчид Австри Улсын Вена хотноо энэ сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Авлигын эсрэг олон улсын академийн гишүүн орнуудын 5 дахь удаагийн ассамблейн уулзалтад оролцсон байна.

Авлигын эсрэг олон улсын академиас жил бүр зохион байгуулдаг Ассамблейн арга хэмжээнд тус академийн 69 гишүүн орон, олон улсын 5 байгууллагаас 215 төлөөлөгч оролцож авлигатай тэмцэх үйл ажиллагааныхаа ололт, амжилтыг бусадтай хуваалцаж, Авлигын эсрэг олон академийн хувьд хийсэн ажлаа гишүүд орнуудын өмнө тайлагнажээ.

Авлигын эсрэг олон улсын академийн захирал бөгөөд Гишүүн орнуудын ассамблейн нарийн бичгийн дарга, ноён Мартин Кроетнер  “Авлигатай тэмцэхэд юуны өмнө тухайн хүний боловсрол, мэдлэгт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай бөгөөд ингэснээр илүү үр дүнд хүрч болно” гэж мэдэгдсэн байна. Ассамблейн арга хэмжээний үеэр Авлигын эсрэг олон улсын академийн захирал, ноён Мартин Кроетнер Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов гэж АТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан

Связанные новости