Эрүүл мэндийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндийн технологи-2025” олон улсын үзэсгэлэнг 26 дахь жилдээ нээлээ.
Энэ сарын
26-28-нд “M банк” Аренад гарч
буй үзэсгэлэнд эм, эмнэлгийн хэрэгсэл, хиймэл оюунд суурилсан дэвшилтэт тоног
төхөөрөмжийг танилцуулахаар 23 эмнэлэг, эрүүл мэндийн тоног төхөөрөмж
нийлүүлдэг 19, гоо сайхны 8 болон БНХАУ, БНСУ, Япон улсын 20 гаруй гэхчлэн нийт
130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ
сурталчилж байна. Мөн эрдэмтэн, доктор, судлаачид өргөн сэдвээр иргэдэд сургалт
лекц зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагууд үзлэг оношилгоо хийж байна.
Үзэсгэлэн яармаг
нь эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног
төхөөрөмж, техник, технологийг таниулах, дотоодын үйлдвэрлэлийг сурталчлах,
байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, гадаадын бүтээгдэхүүн
үйлчилгээг дотоодын зах зээлд таниулах, эм эмнэлгийн шинэ техник технологийн талаар
төр, хувийн хэвшлийнхэн сургалт зөвлөгөөн зохион байгуулах гэсэн таван
чиглэлээр болж байна.
ЭМЯ-ны ТНБД
Д.Очирбат үзэсгэлэнг нээж хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун, шинэ
технологи эрчимтэй хөгжиж байна. Жишээлбэл, хиймэл оюунд тулгуурлан “И-Монголиа
5” аппликейшн хийсэн. Энд эрүүл мэндийн шинжилгээ, тоног төхөөрөмжийн үзүүлэлт,
эмнэлэгт үзүүлсэн тэмдэглэл байгаа. Эдгээр мэдээллийг хадгалж, 3-4 жилийн дараа
дата цугласнаар хиймэл оюунаар тухайн хүний өвчлөл хэр түвшинд байгаа, ямар эмчилгээ
хийх, юунаас урьдчилан сэргийлэхийг хиймэл оюун мэдээлдэг болно. Мөн алсын зайн
робот мэс засал хийх төсөл хэрэгжүүлж, хойд бүсийн “Хавар судлалын үндэсний төв
II”-ыг нээсэн. “Эрдэнэт медикал”
эмнэлэгтэй холбогдож хойд бүсийн дэд төвдөө ирэх жилээс хавдрын эмч нар алсын
зайн мэс засал хийнэ. Үзэсгэлэн нь хиймэл оюунд суурилсан тоног төхөөрөмжийг таниулахаас
гадна хүмүүсээ сургахад ач холбогдолтой”-г тэмдэглэлээ.
Эм, эмнэлгийн
хэрэгслийн хяналт зохицуулалтын нэлээн асуудлыг хуулийн шинэчилсэн найруулгаар тодорхой
болгосноор үзэсгэлэнгийн цар хүрээ, ач холбогдол нэмэгдсэн. Үзэсгэлэнг иргэдийн
маш их асуудаг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгслийн
зөвшөөрөл гэх мэт асуултад хариулт өгч буй нээлттэй хаалганы өдөрлөг байдлаар зохион
байгуулж байгааг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэабяр
онцлов.
Тэрбээр, “Манай
улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, өмнө нь эмчилж байгаагүй өвчнийг анагаах
шинэ технологи нутагшуулсаар байгаа. Үүнд сайн мэргэжилтнээс гадна дэвшилтэт
технологи, хиймэл оюунд суурилсан оношилгоо зэрэг олон улсад, эмийн хатуу
зохицуулалттай оронд хүлээн зөвшөөрсөн эмийг оруулж ирж, тусламж үйлчилгээнд
нэвтрүүлснээр олон ахиц гарч, өвчнөөс сэргийлэх, өвдсөний дараа эрүүл мэндийн тусламж
үйлчилгээг эх орондоо хүндрэл чирэгдэлгүй авах боломжтой болж байна. Олон улсад
хүлээн зөвшөөрсөн эмийг оруулж ирэхдээ шинжилж цаг хугацаа алдахгүйгээр хэрэглэх
тухай хуульд тусгасан. Олон журам зохицуулалт гаргаснаар өдөр
тутамдаа хэрэглэх боломж бүрдэнэ. Мөн, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт гэхэд тухайн
хүний жин, кг, өвчний онцлогт нь тааруулж эмийг жижиглэн савлах, хэрэв олон эм
байвал хооронд нь хэр зохицож зэргийг цахимжуулсан нь энэ удаагийн үзэсгэлэнгийн
онцлох шинэ технологи гэж хэлнэ. Үүнийг олон эмнэлэг үйл ажиллагаандээ
нэвтрүүлэх байх аа. Эрүүл мэндийн салбарыг цахимжуулснаар эм, эмнэлгийн
хэрэгслийн үнэ, нөөц, тоног төхөөржмийн хангамжийг нэг дор хянаж чаддаг болно. Эхнээсээ
энэ үйлчилгээ олон нийтэд хүрч эхэлсээ” хэмээн ярилаа.