БУЛГАН: Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг амжилттай явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-27 20:12:33

Булган, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Булган аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нүүлгэн шилжүүлэх болон дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг энэ сарын 26-нд амжилттай явууллаа.


Нүүлгэн шилжүүлэх дадлага, сургууль нь томоохон хэмжээний гамшгийн үед иргэдийг аюулгүй газарт түргэн шуурхай, зохион байгуулалттайгаар нүүлгэн шилжүүлж, түр байрлуулах ажиллагааг биечлэн хэрэгжүүлэх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан уялдааг бодитоор турших зорилготой юм.


Дадлага, сургууль 8:00 цагт эхэлсэн бөгөөд түр цуглах талбайд цугласан иргэдийг бүртгэлжүүлэн, зааварчилгаа мэдээлэл өгсний дараа аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлсэн юм. Түр цугларах цэгт 3521 иргэн цугларч мэдээлэл авсан бол нүүлгэн шилжүүлэлтийн дадлага сургуульд 2052 иргэн хамрагдлаа.

.

Энэ удаагийн нүүлгэн шилжүүлэлтийн дадлага, сургуульд НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (IOM) мэргэжлийн экспертүүд дэмжин ажиллаж, олон улсын аргачлал, стандартад нийцүүлэн заавар зөвлөмж өгснөөрөө онцлог боллоо.  


Мөн нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургуулийг газар хөдлөлтийн улмаас нурсан барилгын орчныг загварчилсан нөхцөлд хийж үзүүллээ. Энэхүү сургуулиар аврагчид нурангид дарагдсан иргэдийг эрэн хайж, аврах ажиллагааг явуулан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, аюулгүй бүсэд шилжүүлэхэд аврах ажиллагааны техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, холбоо зохион байгуулалт, удирдлага, эмнэлгийн байгууллагын уялдаа холбоог хэрхэн хангах чиглэлээр хамтран ажилласан юм.


Дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, орон нутгийн иргэд идэвхтэй оролцож, гамшгийн үед хариу арга хэмжээ авах иргэд, байгууллагуудын бэлэн байдал, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн чухал дадлага туршлага болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.















 






Связанные новости