Ё.Басхүү Чиндаогийн гранприд түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооны хуваарьт багтсан гранпри ангиллын тэмцээн Хятадын Чиндао хотод үргэлжилж байна.
26 орны 200 жүдоч зодоглож байгаа тус тэмцээнээс Монголын тамирчид эхний хоёр өдрийн дараах байдлаар нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медаль хүртлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин Ё.Басхүү Казахстаны Эрдаулет Бозша, Тайванийн Лин Чон-Юү, Японы Рёома Танака, Тажикстаны Обид Джейбов нарыг дараалан ялснаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүний хувьд БНХАУ-д зохион байгуулдаг гранпри тэмцээнээс 3 дахь медалиа авч байгаа нь энэ.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн Солонгосын Шин Чэйвон, Словенийн Каяа Кайзер, Хойд Солонгосын Ким Жи Хей нарыг ялсан ч финалд Францын Манон Декетерт ялагдсанаар мөнгөн медаль хүртэв. Түүнлчэн эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 57 кг-д Л.Сосорбарам нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Эхний хоёр өдрийн манай жүдочид багийн дүнгээр зургаан медальтай гуравдугаар байрт жагсаж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн барилдаан болно. Манайхаас +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар дэвжээнд гарна.