ӨМНӨГОВЬ: "Хавдрын эсрэг аян"-аар 12 тохиолдлыг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-09-29 21:21:12

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/"Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран "Хавдрын эсрэг аян-2025” үйл ажиллагааг Даланзадгад суманд энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Тус аяныг найм дах жилдээ зохион байгуулж, үзлэгт хамрагдах нэн шаардлагатай 705 хүнийг хамруулжээ.

 

Үүнээс хавдрын хяналтын үзлэгт 131, хавдрын урьдал сэжигтэй тохиолдол 42, шинээр оношлогдсон 12, эсийн шинжилгээ 73, эдийн шинжилгээ 6, дуран 20, компьютер томографи 39, мэс ажилбар 1, анхан шатны эмчийн хяналтад 223 хүнийг  хамруулан үе шатны хяналтад шилжүүлсэн байна.

 

 Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Жавзандулам:

-Өмнөговь аймгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд иргэдийнхээ эрүүл мэндэд чиглэсэн томоохон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Тодруулбал, ХСҮТ-тэй хамтран хавдрын өвчнөөс эрт илрүүлгээр урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Энэ удаагийн үзлэг оношилгоог энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хавдрын эрт илрүүлгийн үзлэгээр Өмнөговь аймгийн 15 сумын 17 өрхийн эрүүл мэндийн төвийн 705 хүн хамрагдлаа. Хамрагдсан хүмүүсээс 12 шинэ тохиолдлын хавдар бүртгэгдлээ. Хавдрыг дотор нь авч үзвэл элэгний, эмэгтэйчүүдийн, хоол боловсруулах, ходоодны хавдар, хөхний болон умайн хүзүү гэх мэтээр ангилж байгаа юм. Шинэ тохиолдлууд бүртгэгдсэнээс 42 тохиолдлыг бүртгэж авсан. Анхан шатын эрүүл мэндийн байгууллагын хяналтад 223 хүнийг шилжүүлж хавдрын хяналтад байдаг 100 гаруй хүнд тусламж үйлчилгээг хүргэсэн. Цаашид бид зөвхөн илрүүлээд зогсохгүй эрүүлжүүлэх ажлыг түлхүү зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. ХСҮТ-тэй байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд шинээр бүртгэгдсэн болон урьтал хавдрын хүмүүсээ үндэсний төв дээр үзлэгт дахин хамруулахаар хоёр тал хэлэлцээд зөвшилцөлд хүрсэн. Мөн хавдраар өвчлөөд орон нутгийн хяналтад байгаа хүмүүсийн эмчилгээний чанарыг сайжруулах, хими эмчилгээний тоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийнэ. Богино хугацаанд олон хүнийг хамруулж чадсан нь үзлэг үр дүнтэйг харуулж байгаа юм. Хамтран ажилласан ажлын багийн хамт олондоо талархлаа.


Связанные новости