Хүний арьсны ДНХ-ээс анх удаа үр хөврөл бий болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 2 /BBC/. АНУ-ын эрдэмтэд хүний арьсны эсээс гаргаж авсан ДНХ-г ашиглан анх удаа хүний үр хөврөл бий болгожээ. Энэхүү технологи нь хүний биеийн үндсэндээ бүх эсийг ашиглан шинэ амьдрал бий болгох боломжийг олгож байгаа тул насжилтаас эсвэл өвчнөөс шалтгаалсан үргүйдэлтэй тэмцэхэд тус дөхөм болно гэж судлаачид үзэж байна.
Энэ аргыг ашигласнаар мөн ижил хүйстэн хосууд өөрсөдтэй нь генийн хувьд холбоотой хүүхэдтэй болох боломж нээгдэх гэнэ. Гэхдээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн төвүүд уг технологийг ашиглаж эхлэхийн өмнө нэлээд боловсруулах шаардлагатай бөгөөд үүнд дор хаяж 10 жил шаардагдаж магадгүй байна.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ийм аргыг боловсруулсан нь асар том дэвшил юм. Гэсэн хэдий ч ийм тохиолдолд шинжлэх ухаан хүн төрөлхтөнд ямар шинэ боломжуудыг нээж өгч буйг нийгэмд нээлттэй хэлэлцэх шаардлагатай гэдгийг эрдэмтэд тэмдэглэж байна.
Үр тогтох үйл явц харьцангуй энгийн байдаг. Эрэгтэй хүний эр бэлгийн эс эмэгтэй хүний өндгөн эстэй нийлснээр үр хөврөл үүсдэг бөгөөд есөн сарын дараа хүүхэд мэндэлдэг билээ.
Тэгвэл Орегоны Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн судлаачдын баг арьсны эсээс эсийн цөмийг (бүх генийн мэдээллийн хуулбар агуулагддаг хэсэг) авсны дараа нь тухайн цөмийг бүх генийн зааврыг нь устгасан донорын өндгөн эс дотор байрлуулдаг шинэ арга боловсруулжээ.
Гэхдээ эрдэмтдийн гарган авсан өндгөн эс нь 46 хромосом буюу 23 хос хромосом агуулж байгаа тул одоогоор үр тогтоход бэлэн биш байна.
Хүн бүр эцэг, эхээсээ тус бүр 23 хромосом өвлөж авдаг. Тиймээс судлаачдын дараагийн алхам нь өндгөн эсийг хромосомын хагасыг нь “устгахад” “ятгах” явдал юм. Энэхүү процессыг эрдэмтэд “митомейоз” (митоз, мейоз гэдэг эсийн хуваагдлын хоёр төрлөөс үүсэлтэй) гэж нэрлэсэн байна.
Эрдэмтдийн судалгааны үр дүнгийн талаарх өгүүллийг “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн байна. Судлаачид 82 ширхэг өндгөн эсийг амжилттай бүтээж, дараа нь тэдгээрийг үр тогтооход ашиглажээ. Өндгөн эсүүдийн 9 хувь нь үр хөврөлийн хөгжлийн эхний шатанд хүрсэн боловч нэг ч эс нь зургаан өдрийн хөгжлийн үеэс цааш хөгжиж чадаагүй байна.
"Бид өмнө нь боломжгүй гэж бодож байсан зүйлд хүрсэн" гэж Орегон муж улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн үр хөврөлийн эс ба генийн эмчилгээний төвийн захирал, профессор Шухрат Миталипов онцолжээ.
Одоогоор эрдэмтдийн бий болгосон өндгөн эс нь ямар хромосомуудаа устгахыг замбараагүй таамгаар сонгож байгаа тул энэ аргыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Өвчнөөс сэргийлэхийн тулд өндгөн эсэд 23 төрлийн хромосом тус бүрээс нэг ширхэг нь үлдэх ёстой. Гэтэл зарим өндгөн эсэд нэг төрлийн хромосом хоёр ширхэг үлдсэн бол өөр төрлийн хромосом огт үлдээгүй тохиолдлууд гарчээ. Үүнээс гадна, хромосомууд ДНХ-ээ дахин зохион байгуулдаг чухал процесс болох кроссинговерыг алгассан байна.