ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-10-06 12:37:09

БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос экспортлогч 23 улс багтдаг “ОПЕК+” бүлгийн Орос, Саудын Араб, АНЭУ, Ирак, Кувейт, Казахстан, Оман гэсэн найман улс өчигдөр болсон цахим уулзалтаар 11 дүгээр сараас эхлэн олборлолтоо өдөрт 137 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.


“ОПЕК+”-ийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар “Reuters” агентлаг аравдугаар сарын 3-нд эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. Тус бүлгийн гол улс болох Саудын Араб олборлолтын хэмжээг ихээр нэмэгдүүлэхийг зорьж байгаа бол ОХУ харьцангуй бага хэмжээгээр нэмэгдүүлэхийг санал болгож байна гэж эх сурвалжууд ярьсан байна. 


Эх сурвалжуудын хэлснээр, ОХУ “газрын тосны үнэд дарамт учруулахгүй байх үүднээс, мөн хориг арга хэмжээний улмаас олборлолтоо нэмэгдүүлэхэд хүндрэлтэй байх тул” 11 дүгээр сараас олборлолтыг өдөрт 137 мянган баррелиар нэмэгдүүлэх санал тавьжээ. 


Харин Саудын Араб хэд дахин буюу өдөрт 274.411 эсвэл 548 мянган торхоор нэмэгдүүлэхийг санал болгожээ. Тус улсад олборлолтын хэмжээг хурдан нэмэгдүүлэх боломж байгаагаас гадна, зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэж  "Reuters"-ийн сэтгүүлчид тухайн үед бичиж байв.


Связанные новости