Цэнгэл нууранд 5 тоннын цистерн унажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-11-15 12:24:36

Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дахь Цэнгэл нууранд шатахуун тээвэрлэдэг цистерн өнөө өглөө унасан тухай мэдээллийг ОБЕГ-ын Шуурхай удирдлагын төвд өнөө өглөө хүлээн авчээ.

Одоогоор авсан мэдээллээр бол уг техник нь 5 тоннын даацтай, чиргүүлгүй явж байсан ба осолдох үедээ шатахуун тээвэрлээгүй байжээ. Нуурын эргээс 7-8 метр зайд кабин нь харагдах төдий байгаа аж. 

Дуудлага авсан даруйд аврах албаны бие бүрэлдэхүүн мөс цөмөрсөн газарт очиж ажиллахаар явсан байна. 

Цистерний жолооч бэртэж гэмтсэн эсэх яагаад нуурын дээгүүр явж байсан зэргийг аврагчид болон холбогдох байгууллагынхан ажиллаж тогтоох гэнэ.  

Ойрын үед цаг агаар хүйтэрч байгаа ч томоохон гол, нуурууд бүрэн хөлдөж, мөсний давхарга бэхжээгүй байгаа тул мөсөн замын тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Б.Туул

Связанные новости