Нийслэлийн удирдлагууд ирэх жилийн төсөв, бүтээн байгуулалтаа хэлэлцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-07 15:50:00

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлагуудтай уулзаж, ирэх жилийн дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар хэлэлцжээ.


Энэ жилийн дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалтын тайланг эхний есөн сарын байдлаар гаргахад Сүхбаатар дүүрэг 88.6, Баянгол 80.6, Баянзүрх, 91.4, Чингэлтэй 91.7, Хан-Уул 81.7, Сонгинохайрхан дүүрэг 79.7, Налайх 100, Багануур 97, Багахангай 100 хувийн тус тус гүйцэтгэлтэй байсныг танилцуулав.


Хотын дарга  Х.Нямбаатар “Ирэх жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хуучин уламжлалт төсөв зохиодог хэлбэрээсээ татгалзаж, хэт өөдрөгөөр төлөвлөхгүй байхыг анхааруулъя.  Явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг нэг стандартын дагуу барьж, үр дүн гаргамаар байна. Мөн дүүргүүд газар чөлөөлөлтийн сантай хамтарч газар чөлөөлөлт хийж, ногоон байгууламж болон гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай” гэжээ.


Мөн энэ уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга нар тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, ирэх жилийн төсвийн хөрөнгөөр төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан байна.

Связанные новости