MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-08 12:03:49

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. 


Төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Үүнд, нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 30 хувьтай байна. Мөн хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98, газар шорооны ажил 90, суурь цутгах ажил 68, зоорины давхрын угсралт 22 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хангаж, зарим блокийн газар шорооны ажил эхэлжээ.


Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ.


Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барих юм.


Үүнд барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх филтер суурилуулах аж. Мөн 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөжээ. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.


Уг төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг сааруулахаас гадна 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай ажээ. 


 

Связанные новости