"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлыг ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг хууль, тогтоомжийн хүрээнд ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулж, томилохыг Засгийн газрын хуралдаанаас "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод даалгав.
Эдийн засгаа сэргээх, нүүрсний тээвэр, экспорт, борлуулалтыг
нэмэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, засаглал, удирдлага зохион байгуулалт, сахилга
хариуцлагыг чангатгах, аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгахаар Засгийн газраас энэ оны долоодугаар сарын 9-нд “Эрдэнэс
Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн
эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан билээ.
Засгийн газраас өгсөн үүргийг Засгийн газрын онцгой бүрэн
эрхт төлөөлөгчийн баг амжилттай хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлт, гадаад валютын
нөөцийг нэмж, салбар хоорондын уялдааг хангаснаар тус компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх
нөхцөл бүрдээд байгаа юм.