БУЛГАН: Сумдын өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах ажлын хэсэг Хангал сумаас ажлаа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Хангал суманд ажиллаж байгаатай холбогдуулан ургац хураалтын явц, МАА-н өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж байна.
Хангал сумын хувьд улаанбуудайн ургац хураалт 1048 га-гаас 848 га талбайг хурааж 1397 тн буюу 80,9 хувьтай, нэгжийн ургац 16 цн, төмс, хүнсний ногоо 46 га-гаас 567 тн буюу 100 хувьтай, тэжээлийн ургамал 239 га талбайгаас 2297 тн-ыг тус тус хураан аваад байна.
МАА-н өвөлжилтийн хувьд төл бойжилттойгоо нийлээд 117,6 мянган толгой мал намаржиж байгаагаас 34,9 мянган толгой малыг эдийн засгийн эргэлт болон хүнсэнд хэрэглэх тооцоолол гарч 84,0 мянга орчим толгой малыг өвөлжиж, хаваржуулах бэлтгэл ажлыг ханган ажилласан байна.
Сумын аюулгүйн нөөцөд 68 тн өвс бэлтгэхээс 132.5 тн-ыг нөөцөлж 100 хувь, тэжээл 59 тн бэлтгэхээс 12 тн-ыг бэлтгэж 20.3 хувь, малчдын түвшинд 4610 тн өвс бэлтгэхээс 9000 тн-ыг бэлтгэж 100 хувь, 500 тн тэжээл бэлтгэхээс 2377 тн-ыг бэлтгэж 100 хувийн биелэлттэй буюу хангалттай байна.
Сумын хэмжээнд хоршоо хөгжүүлэх сангаас 14 зээлдэгчийн 73,0 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 57 малчин өрх 2.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг авсан байна.