Эрэн сурвалжлагдаж байсан 500 гаруй гэмт хэрэгтнийг илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар хотын Цагдаагийн газраас энэ оны эхний 10 сард үйлдэгдсэн гэмт хэргийн үзүүлэлт, түүний шалтгаан нөхцлийн талаарх мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өгөв.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд гэмт хэргийн гаралт, үзүүлэлтийг график, зураглалаар үзүүлж мэдээлэв.
Он гарсаар эхний 10 сарын хугацаанд орон даяар үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 60-70 хувь нь нийслэл хотод болсон бөгөөд Нийслэлийн хэмжээнд хоногт 70-80 гэмт хэрэг бүртгэгдсэн.
Эдгээр гэмт хэргийн 450-500 орчим нь согтуугаар үйлдэгдсэн, 400-450 орчим нь авто тээврийн ослын хэрэг байна. Гэмт хэргийн үзүүлэлтээс харахад хүүхэд холбогдсон гэмт хэргийн гаралт 11 хувиар буурсан эерэг үзүүүлэлттэй, харин хулгайн гэмт хэргийн гаралт өмнөх жилийн мөн үеийнхээс өсчээ. Дээрх гэмт хэргүүдээс үүдэн иргэн аж ахуйн нэгжид 109 төрбум төгрөгийн хохирол учирч, цагдаагийн байгууллагаас хохирлыг барагдуулах, эд хөрөнгө хураах ажлыг хийв. Улаанбаатар хотод үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 49 хувийг хөнгөн, 48 хувь нь хүнд хүндэвтэр гэмт хэрэг эзэлж байгаа бол 1.9 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж буйг графикаас үзэж болно. Нэг онцлох юм нь, хулгайн гэмт хэргийн гаралт эрс ихэссэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас "Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр" боловсруулан ажиллаж байгаа бөгөөд хулгайн эд зүйлсийг худалдах, зарж борлуулах гол эх үүсвэр болсон ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг газруудын мэдээллийн цахим бүртгэл, хяналтын системийг бий болгох ажил хийж эхэлснээ мэдэгдлээ. Ийм үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс өөрсдөө хохирогч болохгүйн тулд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэйг Ж.Эрдэнэболд хурандаа онцоллоо. Эрэн сурвалжлах үйл ажиллагааг эрчимжүүлснээр улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 500 гаруй гэмт хэрэгтнийг илрүүлсэн байна.
Ирэх 2017 онд цагдаагийн байгууллагаас нийслэл хотын хэмжээнд гэмт хэрэг ихээр үйлдэгддэг цэгүүдийг тодорхойлж, тухайн цэгт ямар гэмт хэрэг зонхилон гарч буйг урьдчилан тооцоолж, хэрэг гарсны хойно биш өмнө нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана. Ингэхдээ олон улсын цагдаагийн байгууллагад ашиглагддаг орчин үеийн техник технологийг ашиглан, цаг агаарын урьдчилсан мэдээтэй ижил гэмт хэргийн урьдчилсан мэдээлэл гаргаж аль болох сэргийлж ажиллах боломжоор хангана гэлээ.
Ж.Батсайхан