ЗАВХАН: Хамгийн өндөр нисдэг шувуудын нэг нь хээрийн галуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-09 12:51:37

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурт хамгийн олноороо ирж зусдаг шувуу нь хээрийн галуу юм.


Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын Хар нуур орчимд 13 төрлийн нүүдлийн шувуу ирж зусдаг.


Нийт 11 зүйлийн 3200 гаруй шувуу энд тэмдэглэгдсэн байна. Хээрийн галуу 100 орчим бодгаль, тураг гогоо 3000 орчим бодгаль, монгол цахлай 100 гаруй бодгаль, хүрэн толгойт цахлай, халбаган хошуут, хөх дэглий, цагаан сүүлт нөмрөг бүргэд, гангар хун, нарийн хиазит, бөөвөлжин өвөөлж, алаг ээтэн зэрэг шувуу тус тус тэмдэглэгджээ.


Олноороо ирж зусдаг шувуудын нэг хээрийн галууны латин нэр нь Anser indicus юм.


Хээрийн галуу нь төв Азид нутагладаг шувууны аймгийн галуу хэлбэртний баг нугасны овогт багтдаг. Хээрийн галуу нь хамгийн өндөр нисдэг шувуудын нэг ба 10175 м өндөрт нисэж байх нь тэмдэглэгдсэн байна. Бусад зүйлийн галуутай харьцуулахад харьцангуй том далавчтай. Энэ шувуу нь Энэтхэг, Пакистанд өвөлжихөөр Гималайн нурууг даван нүүдэллэдэг. Харин зундаа монгол оронд ирж зусдаг.


Хээрийн галууны гол дайсан нь үнэг, бүргэд, хон хэрээ зэрэг юм.


Хээрийн галуу нь голуудын хадтай хавцал, цохио, нуурын эгц өндөр эрэг ихтэй газраар өндөглөн зусдаг. Монгол оронд Завхан голын сав газар, Улаагчны Хар нуур, их нууруудын хотгор, Хэрлэн гол, Хангай, Хөвсгөлийн бүсийн нуур голууд, Толбо, Цагаан нуур гэх мэт газраар өндөглөн зусдаг.


Цайвар саарал өнгийн өдтэй ба бусад саарал галуунаас толгой дээрх хар судлаараа ялгардаг. Нас бие гүйцсэн хээрийн галуу 71-76 см урт, 1.87-3.2 кг жинтэй. Эм галуу 3-8 өндөг гаргана.


Жил бүр олон мянган шувуу өвөлжих болон үржих зорилгоор нутаг хооронд алс холоос өртөөлөн нүүдэллэдэг. Нүүдэллэх замдаа амрах таатай орчин зайлшгүй хэрэгтэй байдаг учраас тэднийг хамгаалах хамгийн том сүлжээг бий болгох зорилгоор дэлхий даяар энэ өдрийг тэмдэглэж, хүмүүсийн анхааралд шувууг хайрлан хамгаалахын чухлыг ойлгуулах ажлуудыг зохион байгуулдаг юм.

Ташрамд дурдахад, жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг дэлхийн нүүдлийн шувуудын өдөр болгон тэмдэглэдэг.


Хээрийн галуу

Связанные новости