ЗАВХАН: Монгол цамын тухай хүүхдүүдэд таниулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-09 17:33:12

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймагт соёлын орон зай бидний орчин аяны хүрээнд монгол цамыг таниулах боловсролын хөтөлбөрийг эхлүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын 04 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд "Соёл түгээе" уриан дор "Соёлын орон зай-бидний орчин" бүтээлч аяныг 10 дугаар сарын 3-наас 11 дүгээр сарын 3-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна.


Энэ аян нь соёлын орон зай, орчныг бүрдүүлэх соёлын үнэт зүйлсиийг түгээн дэлгэрүүлэх, соёлын харилцаа, урлагийн бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг нөлөө бүхий бүтээлч ажил, соёлыг олон нийтэд түгээн сурталчлах зорилготой юм.


Аянд бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамрагдах бөгөөд соёл, урлаг, зан заншил, уран бүтээл, мэдлэг, туршлага солилцоо, байгууллагын соёл, ажилтан албан хаагчдын соёл, иргэдийн оролцоог дэмжсэн соёлын орчин бүрдүүлж оролцох юм.


Завхан аймгийн музейгээс аяны хүрээнд Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиуд дээр "Монгол цам" боловсролын хөтөлбөрийг эхлүүлжээ.


Энэ хөтөлбөрийн эхний оролцогчид Улиастай сумын 4 дүгээр сургуулийн 9-р ангийнхан монгол цамын үүсэл, онцлогийн талаар танин мэдэж, цамын баг, өмсгөлийг өөрсдийн гараар урласан байна.
Цам бол догшин бурхадыг дүрсэлсэн шашны нэгэн төрлийн бүжгийн чуулган юм. Монгол цамын хувцас тэр чигээрээ урлагийн бүтээл билээ. Монголын дүрслэх урлагийн бүх төрлийг багтаасан уран нарийн, гоёмсог, чамин хийцтэй, дахин давтагдашгүй урлагийн бүтээл болж үлдэж чадсан ийм цамын өмсгөл Монгол улсаас өөр орны цамд байдаггүй.


Тиймээс монгол цамын тухай, түүний өмсгөлийн төрөл зүйл онцлог, өмсгөлийг урлах арга барилын талаар таниулж буй энэхүү боловсролын хөтөлбөр нь хүүхдүүдийн сонирхлыг маш их татаж байна. Тэднийг өв соёл түүхээсээ танин мэдэж суралцах сэдлийг төрүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж байна.
Соёлын орон зай, орчныг бүрдүүлэх, соёлын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, соёлын харилцаа болон урлагийн бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх. Ялангуяа хүүхэд залуучуудад энэ талаар таниулах боловсролын хөтөлбөрийг бид нэг сарын хугацаанд явуулна гэж Завхан аймгийн музейгээс мэдээлэв.


Ташрамд "Соёлын орон зай-бидний орчин" бүтээлч аянд идэвх санаачилгатай оролцож соёлын орон зайг бүрдүүлж чадсан байгууллага, иргэдийг бүх шатны соёл урлагийн байгууллагуудаас удирдамж болзол гарган дүгнэж, шалгарсан байгууллага иргэдийг урамшуулж олон нийтэд сурталчлах юм.

Аймгийн музейн тайлбарлагч, монгол цамын тухай мэдээлэл өгч байна


Хүүхдүүд монгол цамын багийг өөрсдийн гараар урлав.

Связанные новости