МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Улс төржилтийн шуурга өдөөх биш ажлаа хийж, цаг агаарын хүндрэлээс сэргийлэхийг санууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-12 14:34:16

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх мягмар гаргаас нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орж, явган шуурга болох гэж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссыг өнөөдөр зарлан хуралдууллаа.


Хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбар болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө. 


Энэ сарын 12-нд баруун, төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын зарим хэсгээр, 14,15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх хэсгээр, говийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд, 18-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, явган шуурах төлөвтэй байгааг ЦУОШГ мэдээлэв.


Баруун аймгуудад хадлангийн гарц тааруу учраас зүүн аймгаас хангаж байна. Мөн 1.5 сая тонн байгалийн хадлан бэлтгэхээс 1.1 сая тонныг бэлтгэжээ.


Аравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар 157.1 мянган тонн улаанбуудай хураан авсан байна. Түүнчлэн 81.7 мянган тонн төмс, 50.8 мянган тонн малын тэжээл хураан аваад байна. 


Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар төвийн бүсийн станцууд 626.9 мянган тонн нүүрс, 2519 тонн мазутын нөөцтэй байна.


Нийслэлд борлуулалтын 500 цэгт хагас коксон шахмал түлшийг нийлүүлж эхэлжээ. 25-26 оны халаалтын улиралд нийт 306.000 тонн хагас коксон түлш импортлох юм. 


Нийлүүлэлт хэвийн байхад түлш, шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй ААН-үүдийг шалгаж, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Г.Занданшатар дахин сануулав.


2025 оны зургаадугаар сарын 22-нд болсон УОК-ын хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил хангах үүрэг чиглэл өгсөн. Гурван сарын хугацаанд хийсэн ажлынхаа биелэлтийг ирэх 7 хоногт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгав.


Засгийн газрын үйл ажиллагааг санаатай саатуулж, эс үйлдэхүй үзүүлж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа.



Связанные новости