Сэргээгдэх эрчим хүчний өсөлт уур амьсгалын зорилтод хүрэхэд хангалтгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
АБУ-ДАБИ, 2025 оны аравдугаар сарын 15 /DW/. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өнгөрсөн онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн боловч дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчний салбарт тавьсан зорилтоо биелүүлэх боломжгүй байна гэж Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн /IRENA/ мягмар гарагт танилцуулсан тайланд дурджээ.
IRENA бол дэлхийн 169 орон болон Европын Холбоог багтаасан
засгийн газар хоорондын агентлаг юм. Сэргээгдэх эрчим хүчний шинээр
суурилуулсан хүчин чадал 2024 онд ойролцоогоор 582 гигаваттаар буюу өмнөх
оныхоос 15.1 хувиар өссөн байна. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боловч улс орнууд жил бүр 16.6 хувиар өсгөх зорилтод хүрэхэд хангалтгүй гэдгийг IRENA-гийн тайланд
онцолжээ.
2023 онд АНЭУ-ын Дубай
хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх COP28 бага хурлын үеэр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг долоон
жилийн дотор 11.2 тераваттад хүргэх зорилт тавьсан юм. Тайланд дурдсанаар, 2030
он гэхэд уг зорилтод хүрэхийн тулд жилд 1.122 тераватт нэмэлт эрчим хүч
шаардлагатай. Тераватт нь 1000 гигаватттай тэнцдэг.
Дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд тогтоон барих чиглэлд
дэлхийн улс орнууд хангалттай хурдан арга хэмжээ авч чадахгүй байгааг НҮБ-ын
Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш анхааруулжээ. “Сэргээгдэх эрчим
хүчийг хурдан суурилуулдаг, олборлодог түлшнээс хямд байгаа нь өсөлтийг авчирч,
ажлын байрыг нэмэгдүүлж, эрчим хүчний үнийг бууруулж байна. Гэвч 1.5 хэмийн зорилгыг
биелүүлэх боломж багасаж байна” гэж НҮБ-ын тэргүүн мэдэгдсэн байна.
“Бид хүн бүрийн төлөө, хаа сайгүй эрчим хүчний шилжилтийг
ахиулж, өргөжүүлж, хурдасгах ёстой” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. 2015 онд болсон
COP21 бага хурлын үеэр гарын үсэг зурсан Парисын хэлэлцээрт дэлхийн дулаарлыг
аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээс хэтрүүлэхгүйгээр тогтоон барих зорилт тавьсан юм. Өнгөрсөн
онд дэлхийн агаарын температурын урт хугацааны өсөлт 1.3 хэм байсан гэж судлаачид
тооцолжээ. НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх ээлжит бага хурал /COP30/ ирэх 11 дүгээр
сарын 10-нд Бразилын Белем
хотод болно.