БАЯНХОНГОР: 20 см цасан бүрхүүл тогтоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-16 13:18:58
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өнөөдөр өглөөний 08:00 цагийн цаг уурын өртөө, харуулын мэдээгээр аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтсон байна. Улсын хэмжээнд Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд хамгийн их 24 см, Баянхонгорт 20 см цасан бүрхүүл тогтжээ.

Баянхонгор аймгийн нутгаар энэ сарын 15-16-нд шилжих шөнө 0.3-10 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-20 метр, зарим үед секундэд 22-24 метр хүрч ширүүсэж, цасан шуурга 3 цаг үргэлжилсэн байна. Одоогоор Баянхонгор аймгийн ихэнх суманд цас үргэлжлэн орж байгаа бөгөөд Баянцагаан, Богд, Жаргалант, Жинст, Шаргалжуут, Шинэжинст сумын нутгаар цасан шуурга шуурч байгааг албаныхан мэдээлэв.

Улаанбаатар-Баянхонгор автозамын зорчих хэсэг цастай, зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа бөгөөд иргэд, зорчигч, тээвэрчид анхаарал болгоомжтой хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж зорчихыг аймгийн Онцгой байдлын газар санууллаа.

Ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх өндөр эрсдэлтэй байгаа тул жолооч тээвэрчид, иргэд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг тус газраас зөвлөв.

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.
Связанные новости