ОХУ-ын их, дээд сургуульд сурах боломжийг сонирхуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-17 15:25:03

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. ОХУ-ын их, дээд сургуульд суралцах сонирхолтой залууст зориулсан боловсролын “Сонголт-2025” үзэсгэлэнг Улаанбаатар дахь Русский дом (РЦНК)-д нээлээ.  


Улаанбаатар дахь Русский дом, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг хамтран Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 65 дахь өдрүүдийг тохиолдуулан тус үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнд ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Томск, Эрхүү, Новосибирск, Красноярск, Екатеринбург, Саратов, Бүгд Найрамдах Саха Улс, Бүгд Найрамдах Буриад Улсын 20 гаруй их, дээд сургууль боловсролын хөтөлбөр, сургах мэргэжлүүдээ танилцуулж байна.


Тухайлбал, 1896 онд байгуулагдсан Томскийн политехникийн их сургууль бакалаврын 36, магистрын 71, аспирантын 63, докторын 32 чиглэлээр сургалт зохион байгуулдгаа танилцуулж байв. Өнгөрсөн онд 300 жилийн ойгоо тэмдэглэсэн, дэлхийн шинжлэх ухаан, боловсролын томоохон төвүүдийн нэг болох Санкт-Петербургийн улсын их сургууль гэхэд боловсролын онлайн төсөл хэрэгжүүлж, оросоор ярьдаг оюутнуудад дэлхийн хаанаас ч холбогдон диплом авах боломж олгосноор тэднийг тус улсын шилдэг их, дээд сургуульд элсэн суралцаж болохыг танилцуулж байна. Мөн Оросын анхны Ерөнхийлөгч Ельцины нэрэмжит Уралын холбооны их сургууль орос, англи хэлээр бакалавр, магистр, аспирантурын 400 гаруй хөтөлбөр заадаг, ингэхдээ хиймэл оюун, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулдаг ОХУ-ын шилдэг 6 сургуулийн нэг гэдгээ тодотгож байв. Энэ сургуулийг манай улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын дарга асан З.Энхболд, “Монгол базальт” зомпанийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд нар төгссөн байдаг аж.


Маргааш хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэн нь монголын залууст оросын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, оюутнуудад их дээд сургуулиа зөв сонгоход нь туслах зэргээр монгол, оросын хүмүүнлэгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.


ОХУ-д сурах тэтгэлэгт хуваарийн тоог жил бүр нэмсээр байгаа. Тухайлбал, Монгол Улсаас 2011 онд 270 оюутан хуваарь авсан бол 2025 онд энэ тоог 620 болгон нэмжээ. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй сурах хуваарийг Монгол Улсын салбарын яам хариуцаж байсныг 2014 онд Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газарт энэ сонгон шалгаруулалтыг явуулах нэгдсэн операторын үүргийг шилжүүлжээ.


ОХУ-д дэлхийн өнцөг булан бүрээс ирж суралцаж буй 280-300 мянган гадаадын оюутан байдгаас 30 мянга нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хуваарийн дагуу сурдаг аж. 

Связанные новости