ГОВЬ-АЛТАЙ: Энэ намар хайлаас, улиас, шар хуас тарьж суулгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.
Энэ намрын "Бүх нийтийн мод тарих өдөр"-өөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн төвийн 43 байгууллагын албан хаагчид өөрийн байгууллагын гадна талбай болон гэрээт талбайд шинээр тарьж суулгах болон нөхөн тариалалт хийсэн байна.
Ингэхдээ 4150 мод, мөн түүнчлэн “Ээжүүдийн төгөл” 6000, хийдийн хайс хашлагад 3000 хайлаас, улиас, шар хуас тариалсан тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, бүх нийтийн мод тарих өдөрт хамт олноороо нэгдэж, идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг уриалав.