АРХАНГАЙ: “Брайл цонх” төслийг 2026 онд хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-21 15:48:38

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо Архангай аймгийн ЗДТГ-тай хамтран “Брайл цонх” төслийг 2026 онд хэрэгжүүлэхээр боллоо.


Архангай аймагт 3300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 400 гаруй нь харааны бэрхшээлтэй ч тэд брайл үсэг мэдэхгүйн улмаас уншиж, судлахаас хөндий амьдарч байгаа юм.


“Брайл цонх” төсөл нь брайл үсэг мэддэггүй, уншиж, бичиж чаддаггүй харааны бэрхшээлтэй иргэдэд брайл үсгийг заах, унших, бичих чадвар олгох, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 2024-2028 оны хооронд таван жилийн хугацаанд Монгол орон даяар хэрэгжих юм.


Төслийн багийнхан Монгол Улсын хэмжээнд байгаа 11 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэдийн 4500 орчим иргэнд хүрч ажиллана гэж төлөвлөсөн ба зөвхөн харааны бэрхшээлтэй иргэдэд бус тэдний асран хамгаалагчид, эргэн тойрны хүмүүст эерэг хандлагыг түгээх нөлөөллийн ажлуудыг явуулах юм.


Брайл үсгийг 70-аас дээш хувиар хараагаа алдсан иргэд ашиглах шаардлагатай байдаг байна. Иймд бичиг үсгийн боловсролтой болсноор тэдний амьдралд хандах хандлага эерэг болж, илүү идэвхтэй, оролцоотой, итгэл дүүрэн амьдрах боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм.


Төслийн хүрээнд Архангай аймаг дахь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан унших, бичих товгор үсгийн сургалтыг гурван үе шаттай зохион байгуулах бөгөөд шаардагдах зардлыг аймгийн Засаг даргыг шийдвэрлэж, дэмжиж өгөхийг Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооныхон хүслээ. 

Связанные новости