Трамп-Путиний уулзалтад бэлтгэх ажил зогсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 22 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын уулзалт ойрын үед болохгүй бөгөөд АНУ-ын эрх баригчид уулзалтад бэлтгэх ажлыг зогсоосон байна. Цагаан ордны нэрээ нууцалсан албан тушаалтны ярьснаас эш татан хэд хэдэн сэтгүүлч энэ тухай өчигдөр мэдээллээ. Харин эдгээр мэдээллийг албан ёсоор батлаагүй байна.
Америкийн телевизийн NBC сувгийн
сэтгүүлч Харрет Хааке Х нийгмийн сүлжээнд бичихдээ “Трамп, Путин нарын
Будапештад хийх уулзалтын бэлтгэл ажил зогссон” гэжээ. Цагаан ордны өндөр албан
тушаалтны ярьснаар, талууд хэлэлцээ хийхэд бэлэн бус байна хэмээн Д.Трамп дүгнэжээ. Мөн АНУ-ын Төрийн нарийн
бичгийн дарга М.Рубио, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар ч ойрын үед уулзахгүй
бололтой.
АНУ, ОХУ-ын удирдагчид 16-ны өдөр утсаар ярьсны дараа Д.Трамп мэдэгдэхдээ, ирэх
долоо хоногт Орос, Америкийн төлөөлөгчид хэлэлцээ хийсний дараа хоёр улсын удирдагчид
уулзана гэсэн билээ.
Маргааш нь буюу 17-нд Цагаан ордонд Д.Трамп Украины Ерөнхийлөгч
В.Зеленскийтэй уулзсан юм. “Файнэншл Таймс” сонинд бичсэнээр, Донбассыг бүхэлд
нь Орост өгөхийг Д.Трамп Зеленскийд ятгасан ажээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч дараа
нь мэдэгдэхдээ “би ингэж ятгаагүй, харин фронтын одоогийн шугамаар байлдааны
ажиллагаагаа зогсоох нь зүйтэй гэдгийг хэлсэн” гэв.
Харин өчигдөр AFP
агентлаг Украины өндөр албан тушаалтны ярьсныг эш татан мэдээлснээр бол, Донбассаас
татгалзах тал дээр Трамп Украины Ерөнхийлөгчид шахалт үзүүлсэн нь ямартаа ч үнэн бөгөөд хоёр
удирдагчийн уулзалт нэлээд “ширүүн” өнгө аястай болж өнгөрчээ.