Төрийн шагналт зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан “Амар аясгалан” уран бүтээлийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд энэ сарын 24-нд нээнэ.
Үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөг болон Ү.Ядамсүрэн сангийн архивт хадгалж буй ховор бүтээлүүд, мөн зураачийн эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлсийг дэлгэн үзүүлэх бөгөөд Монголын уран зургийн хөгжилд гүн ул мөр үлдээсэн зураачийн ур ухаан, өв уламжлалыг олон нийтэд таниулах зорилготой ажээ.
“Өвгөн хуурч” эх зургаас эхлээд галерейн сан хөмрөгөөс тэр бүр олон нийтэд дэлгэдэггүй ховор, содон бүтээлээр олны мэлмийг мялаах нь энэхүү үзэсгэлэнгийн гол онцлох юм. Тухайлбал, уран зураг, монгол зураг, цоморлиг судалгааны зураг, угсаатны зүйн эдлэл хэрэглэл, бурхан шашны зан үйлийн эд хэрэгслийн хувийн цуглуулга зэргээс үзэсгэлэнгийн нэг хэсэг нь бүрдэхийг зохион байгуулагчид онцоллоо.
Дүрслэх урлагийн
салбараас төрөн гарсан анхны Ардын зураач цолтой Ү.Ядамсүрэн 1941 оноос уран
бүтээлийн гараагаа эхэлж 50 гаруй хөрөг, ардын гар урлал, эдийн соёлтой
холбоотой 400 гаруй зураг зуржээ. Түүнийг “Өвгөн хуурч” зургаар нь хүмүүс
илүүтэй мэддэг билээ.