БУЛГАН: Шинээр бүртгэгдсэн хорт хавдрын 52.5 хувийг эрэгтэйчүүдийн өвчлөл эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-22 16:39:35

Булган, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Булган аймагт 2025 он гарсаар хорт хавдраар 176 иргэн шинээр оношлогдсон байна.


Хорт хавдрын 10 000 хүн амд ногдох өвчлөлийн түвшин өсөж, 2020 онд 17.7 хувь, 2021 онд 18.1 хувь, 2022 онд 21 хувь, 2023 онд 38 хувь байгаа нь улсын өвчлөлийн түвшнээс 43.7 хувиар нэмэгджээ.


Шинээр бүртгэгдсэн хорт хавдрын 52.5 хувийг эрэгтэйчүүдийн өвчлөл эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Хорт хавдрын шалтгаант нас баралт тус аймагт сүүлийн жилүүдэд тогтмол өсөж, 2020 онд 15, 2021 онд 17, 2022 онд 15.7, 2023 онд 18.2 хувь байгаа нь улсын хэмжээнд бүртгэгдсэн хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшнээс 34.1 хувиар өндөр байгаа нь эрт илрүүлгийг эрчимтэй нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.


Булган аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэн ажиллах "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ️"Эрүүл Булган" хөтөлбөр нь эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр иргэн, төр, хувийн хэвшлийн байгууллага, нийгмийн бүхий л салбарууд анхаарлаа хандуулан, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж сэргэлт хийх зорилго нь дээрх тоон үзүүлэлтийг бууруулах юм. Энэ хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг хавдрын үзлэг, оношилгоо, эмчилгээний тасаг байгуулахаар зорин ажиллаж байна.


Мөн хойд бүсийн төв Эрдэнэт хотод орон нутагт хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх “Эрдэнэт медикал” дэд төвийг байгуулаад байна. Орон нутагт хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх дэд төвийг байгуулснаар төвлөрлийг сааруулах засгийн газрын бодлогын хүрээнд хавдар судлалын үндэсний төвийн ачаалал, хүлээгдэл 5-10 хувиар багасна гэсэн тооцоолол байгаа бөгөөд иргэдэд тусламж үйлчилгээг хурдан шуурхай авах үр дүн гарах ажээ.





Связанные новости