ЗАВХАН: Урлагийн сэтгэл заслын арга зүйг ашиглан өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-23 10:12:52

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймагт "Баяртай-2” хөтөлбөрийн хоёр өдрийн танхимын сургалтыг зохион байгуулж байна.

Баруун бүсийн Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн 100 гаруй сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, багш, эрүүл мэндийн ажилтнууд сургалтад хамрагдаж байна.


Сургалтад оролцогчид сэтгэцийн гэмтэлд суурилсан урлагийн сэтгэл заслын арга зүйг ашиглан өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чадвар, дадал мэдлэгийг эндээс танин мэдэх юм.

“Баяртай-2” хөтөлбөр нь Кристина Ноблийн Хүүхдийн сангийн санаачилгаар Нелумбо сан болон Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байна.


Орон нутгийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид, олон улсын түншүүдтэй хамт өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар хэлэлцэж, ярилцаж суралцах боломжийг энэ хоёр өдрийн сургалт өгч байна.


Сургалтыг Их Британийн хүүхэд, өсвөр үеийн интегратив сэтгэл засалч, Кристина Ноблийн Хүүхдийн сангийн урт хугацааны зөвлөх Миранда Марш чиглүүлэн ажиллаж байна. Тэрээр хүүхэд болон өсвөр насныхны сэтгэл заслын эмчилгээ чиглэлээр мэргэшсэн бөгөөд Их Британид хүүхэд, өсвөр үеийн сэтгэл заслын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.


Энэ сургалтад оролцогчид нь хүүхэд, өсвөр үеийн сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйл явцад аюулгүй, итгэлцэлтэй харилцааг бий болгох зарчим, арга зүйн талаар мэдлэгтэй болох. Ээнэгшлийн онол болон сэтгэцийн гэмтэлд мэдрэмжтэй хандлагын үндсэн ойлголт, тэдгээрийн практикт үзүүлэх нөлөөг судлах. Сэтгэл заслын орчинд сэтгэл зүйн аюулгүй байдлыг бүрдүүлэх алхмуудад суралцах.


Хүүхдийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмжих тоглох, зааж зөвлөх, урамшуулах зэрэг практик аргуудыг турших. Жишээн дээр ажиллаж, эргэцүүлэх болон эмнэл зүйн дүгнэлт хийх чадваруудыг хөгжүүлэх ур чадварыг суралцах юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

"Баяртай-2 " хөтөлбөр хэрэгжиж эхэллээ


Связанные новости