Монгол Улсын эмийн зохицуулалтын тогтолцоог сайжруулах боломжийн талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-23 10:34:32

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. KOICA, Монгол Улсын эмийн зохицуулалтын чадавхийг бэхжүүлэх  “Эмийн зохицуулалтын зарим асуудлууд” гурав дахь удаагийн мэдлэг түгээх семинарыг зохион байгууллаа.


Энэхүү семинарыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын “Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар “Монгол Улсын орон нутгийн захиргааны байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын чадавхийг бэхжүүлэх /2025–2027/” сургалтын төслийн хүрээнд зохион байгуулав. 


БНСУ-д өнгөрсөн 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 6-нд зохион байгуулсан уг сургалтад оролцогчид эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын чиглэлээр тус улсын туршлага, сайн жишээг судалсан байна. Тэд энэхүү семинарт эмийн бүртгэл, аюулгүй байдал, фармаковижиланстай холбоотой туршлагаасаа хуваалцаж, Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, цахим жорын тогтолцооны талаар мэдээлэл өгч, Монгол Улсын эмийн зохицуулалтын тогтолцоог сайжруулах боломжийн талаар хэлэлцэв.


KOICA-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Со Хён Жэ ярихдаа,  “Энэхүү семинар нь KOICA-гийн “Глобал сургалтын төсөл”-ийн хүрээнд БНСУ-д олж авсан мэдлэг, туршлагыг Монгол Улсын салбарын мэргэжилтнүүд болон иргэдэд түгээх зорилготой. Төслийн хүрээнд Монголын орон нутгийн захиргааны байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын чадавхийг бэхжүүлж, бүс нутгуудад аюулгүй, ил тод, эрүүл мэндийн зохицуулалтын тогтолцоог өөрсдөө бүрдүүлэх боломжийг дэмжихэд чиглэж байна. Мөн БНСУ-ын бодлого, тогтолцоог танилцуулахаас гадна сургалтад хамрагдсан Монголын орон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид өөрсдийн орон нутагт сурсан мэдлэг, туршлагаа түгээж, мэдлэгийн эргэлтийн тогтолцоог бий болгох чухал ач холбогдолтой. Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, салбарын мэргэжилтнүүд болон олон нийтийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэхэд чиглэж байна” гэлээ.


Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын ахлах мэргэжилтэн Л.Дулмаа ярихдаа, “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулагдаад дөрвөн жил гаруй болж байна. Эмийн зохицуулалт төлөвшсөн улс орнуудаас туршлага судлах, суралцах хэрэгцээ шаардлага бий. Тиймээс бид KOICA-гийн сургалтад хамрагдаж байна. Уг сургалт гурван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд эхний жилийн сургалтад манай байгууллагын 14 албан хаагч оролцоод ирсэн. Тэд БНСУ-ын эмийн зохицуулалтын тогтолцооны туршлага, сайн жишээнээс суралцсан. ДЭМБ-аас эмийн зохицуулалтын есөн чиг үүргийг тогтоож өгсөн байдаг. Улс орнуудын эмийн зохицуулалтын байгууллагуудыг төлөвшлийн түвшнээр нь 1-4 түвшинд ангилдаг. БНСУ нь зохицуулалтын дөрөвдүгээр түвшинд хүрсэн улс орон юм. Энэхүү семинарын үеэр эмийн бүртгэл, эмийн аюулгүй байдал ба фармаковижиланс, эм, эмнэлгийн хэрэгслийн цахим жорын тогтолцооны талаар салбарын мэргэжилтнүүд болон олон нийтэд мэдээлэл өгөхийг зорьж байна” хэмээв.

 

Эмийн бүртгэлийн хэлтсийн дарга Т.Мөнхтуул ярихдаа, “Улс орон бүр өөрийн зах зээлд нийлүүлэх эмийн чанар, аюулгүй байдал, үйлчлэлийн идэвхийг нотолсны үндсэн дээр  эмийг зах зээлд гаргах зөвшөөрөл олгодог. Манай улс 1994 оноос эмийн бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлсэн. БНСУ-д эмийн бүртгэлийн зохицуулалт дэлхийн жишигт нийцсэн байдлаар хэрэгжүүлж байгаа. Тус улсын Эм, хүнсний аюулгүй байдлын яам нь эмийн зах зээлд гаргах зөвшөөрөл олгодог байгууллага юм. Монгол Улс эмийнхээ 80 орчим хувийг импортоор авдаг. Тиймээс эмийн бүртгэлийн зарчим нь нотолгоонд суурилсан байх ёстой. Эм зах зээлд гарснаас хойш дагасан хяналт, үнэлгээг тогтмол хийх нь эмийн аюулгүй байдлыг хангах чухал нөхцөл юм” гэлээ.


Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Анагаах ухааны доктор, профессор Н.Эрдэнэбаяр Монгол Улсад эмийн зохицуулалтын тогтолцоог төлөвшүүлэхэд эмийн зохицуулалт төлөвшсөн улс орнуудаас суралцах хэрэгцээ шаардлагатайг тодотгов.


KOICA нь цаашид Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, олон нийтэд зориулсан эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилт тавьж байна. Одоогоор тус байгууллага дэлхийн 45 гаруй улсад суурин төлөөлөгчийн газартай үйл ажиллагаа явуулж, 100 гаруй түнш оронд буцалтгүй тусламжид суурилсан төрөл бүрийн төслүүдийг хэрэгжүүлж байна.







 

Связанные новости