Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад женэксперт шинжилгээг нэвтрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
                                                                    Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Женэксперт төхөөрөмж, сүрьеэг оношлох хиймэл оюун ухаанд суурилсан зөөврийн дижитал рентген аппаратыг сумын эрүүл мэндийн төв, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус аппарат нь Глобал сангийн Сүрьеэ/ДОХ-ын төслийн дэмжлэгтэйгээр 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий сүрьеэ өвчнийг оношлох, эмэнд тэсвэржилтийг богино хугацаанд тодорхойлох боломжтой молекул биологид суурилсан юм. Мөн тус оношилгооны төхөөрөмж дээр ажиллах эрүүл мэндийн байгууллагын лабораторийн мэргэжилтнүүдийг ХӨСҮТ-д практик дадлага сургалтад хамруулжээ. Эдгээр тоног төхөөрөмжийг орон нутаг болон төвөөс алслагдсан сумын эрүүл мэндийн төвд нэвтрүүлснээр сүрьеэгийн оношилгооны чадавхи, хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах юм.
2013 онд сүрьеэ өвчнийг оношлох, эмэнд тэсвэржилтийг богино хугацаанд тодорхойлох боломжтой молекул биологид суурилсан арга болох женэксперт шинжилгээг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лабораторид нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар лавлагаа шатлал болох аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, БОЭТ, нэгдсэн эмнэлэг, улсын төв эмнэлгүүд, ЭХЭМҮТ, СЭМҮТ, ХСҮТ-д зэрэг эмнэлэгт нэвтрүүлээд байна. Энэхүү шинжилгээг нэвтрүүлснээр сүрьеэгийн оношилгооны чадавх бэхжиж, сүрьеэ, рифампицинд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх, ялган оношлох чадавхи бүрдэх юм.
Дэлхий дахинд шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд тулгамдсан асуудал хэвээр байгаагийн нэг нь сүрьеэ өвчин юм. Монгол Улс нь сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны тоонд багтаж, жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн тохиолдол, 150-200 нас баралт бүртгэгдэж байна.



        Ulaanbaatar