ӨВӨРХАНГАЙ: Дэслэгч генерал Ц.Тогоогийн ёслолын хувцсыг музейд хадгаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дэслэгч генерал
Ц.Тогоогийн хэрэглэж байсан ёслолын дүрэмт хувцсыг аймгийн музейн сан хөмрөгт хадгаллаа.
2020
онд орон нутгийн санхүүжилтээр аймгийн музейд
“Генералуудын булан”-г
байгуулсан бөгөөд Өвөрхангай аймгийн уугуул, генерал цолтой арван хүний танилцуулга, эд хэрэглэлийг
дэлгэсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Сант
сумын уугуул, дэслэгч генерал
Ц.Тогоогийн ЗХЖШ-ын даргаар ажиллах үедээ өмсөж байсан
ёслолын хувцсыг Цэргийн
штабын дарга, хурандаа А.Нямхүү, Зэвсэгт хүчний 256 ангийн захирагч, хурандаа
М.Дэлгэрсайхан нар гардуулан өгч, сан хөмрөгийг баяжууллаа.
Тус аймгаас 18 генерал төрсөн. Тэдний ажил, амьдралын замнал, Монгол улсын болоод олон улсын батлан хамгаалах салбарын хөгжилд
оруулсан гавьяа зүтгэлийг олон нийтэд сурталчлах, өвлүүлэн үлдээх нь аймаг,
орон нутгийн үүрэг юм.
Ulaanbaatar