“МАМФ 2025” олон соёлт гадаад иргэдийн наадамд Монгол Улс зочин орноор оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Солонгос Улсын Чанвон хотноо энэ сарын 24-26-нд болсон “МАМФ 2025” олон соёлт гадаад иргэдийн XX наадамд Монгол Улс зочин орноор оролцов.
Тус наадамд Чингис хаан одонт “Морин хуурын чуулга” оролцож,
хоёр өдрийн турш Чанвон хотын Их театрын тайзнаа монгол үндэсний өв соёлыг
илтгэсэн сор болсон бүтээлээсээ толилуулсан байна. Монгол Улсаас БНСУ-д суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд тоглолтыг нээж хэлсэн үгэндээ, хоёр
улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсыг
энэхүү нэр хүндтэй наадмын зочин орноор урин оролцуулж буй Өмнөд Кёнсан
муж, Чанвон хотын удирдлагад талархал илэрхийлсэн аж.
Энэ удаагийн наадамд өөрийн орны соёл уламжлалыг сурталчлан таниулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар болон Архангай, Хэнтий, Өмнөговь аймгийн 200 гаруй төлөөлөл урилгаар оролцжээ.
Ulaanbaatar