АРХАНГАЙ: Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 46.1 хувьд хүрэлцээтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2025 онд 19 сумын 101 багийн 8.1 мянган хот айлд 19.7 мянган малчин болон мал бүхий өрхийн 4.8 сая толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 11.4 сая толгой малыг өвөлжүүлж, хаваржуулах бэлтгэл ажлыг хангаад байна.
Мал 3.7 сая га бэлчээрт бэлчээрлэнэ.
Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолсон байна.
Бэлчээрийн даацыг үзвэл нийт нутгийн:
13.6% - Бэлчээрийн нөөцтэй
32.4% - Бэлчээр хүрэлцээтэй
48.9% -Даац 1-3 дахин хэтэрсэн
5.0% - Даац 3-5 дахин хэтэрсэн
0.1% -Даац олон дахин хэтэрсэн гэж гарчээ. Өөрөөр хэлбэл,
өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 46.1 хувьд хүрэлцээтэй, 53.9 хувьд хэтэрч
гарсан байна.
Энэ жилийн бэлчээрийн даацыг өмнөх оны үр дүнтэй
харьцуулахад бэлчээрийн хүрэлцээ 16
хувиар нэмэгдсэн байгаа юм.
Зуншлага харьцангуй сайн байгаа ч өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадланг бэлчээрийн нөөц бүхий нутгаас бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, өвөлжилт, хаваржилтад эртнээс бэлтгэж, зудын эрсдэлийг тооцож ажиллах шаардлагатай байгаа талаар сумдын удирдлагуудад анхааруулжээ.
Ulaanbaatar