Д.Трампад эртний алтан титмийн хуулбар, төрийн дээд одон медаль гардуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ГЁНЖҮ, 2025 оны аравдугаар сарын 29 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад эртний Солонгосын хаант улсын алтан титмийн хуулбарыг бэлэглэснээс гадна төрийн айлчлал хийж буйг тохиолдуулан түүнийг төрийн дээд одонгоор шагнажээ.
Чонмачоны титмийн хуулбарыг Шилла хаант улсын /МЭӨ 57 - МЭ 935/ нийслэл байсан зүүн өмнөд нутгийн
Гёнжү хотын үндэсний музейд Д.Трампыг угтан авах ёслолын үеэр гардуулсан байна. Ли Жэ Мён Д.Трампад шилэн хоргонд байрлуулсан титмийг бэлэглэхдээ “Солонгос,
АНУ-ын хоорондын шинэ итгэлцэл, нөхөрлөлийн төлөө” хэмээн хэлжээ.
“Бид энэхүү алтан титмийг Гёнжү хотод хийж буй төрийн
айлчлалыг тань тохиолдуулан танд бэлэглэж байна, энэхүү айлчлал нь Солонгосын хойгт
анх удаа энх тайвныг авчирсан Шиллагийн мөн чанарыг бэлгэдэж байгаа бөгөөд
Солонгос-АНУ-ын харилцааны алтан эрин үеийг нээж байна” гэж Гадаад хэргийн
сайдын орлогч Ким Тэ Жин хэллээ.
Археологичид 1973 онд Чонмачоны булшнаас алтан
титмийг олсны дараа Шиллагийн үеийн энэхүү гоёмсог олдворыг эртний Солонгосын
металлургийн шилдэг бүтээл хэмээн үнэлжээ. Алтан шаргал өнгийн зангиа зүүсэн Ли
Жэ Мён мөн Д.Трампад Солонгосын хойгийн энх тайванд оруулсан хувь нэмэр, энх
тайвны төлөөх үүргийг үнэлж, тус улсын хамгийн өндөр дээд шагналыг гардуулсан байна. Ингэснээр Д.Трамп АНУ-ын
Ерөнхийлөгч нараас анх удаа энэхүү өндөр хүндэтгэлийг хүлээсэн хүн боллоо.
Хариуд нь Д.Трамп Ли Жэ Мёнд талархал илэрхийлээд, Өмнөд
Солонгос, АНУ хоёр “маш сайн” харилцаатай гэдгийг цохон тэмдэглэж, цаашид энэ харилцаа улам
бэхжих болно хэмээн мэдэгджээ. Д.Трамп Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын
ажиллагааны /АПЕК/
дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Солонгост хоёр өдрийн төрийн айлчлал
хийхээр хүрэлцэн ирээд байгаа юм. Энэ үеэр тэрбээр Ли Жэ Мён, БНХАУ-ын дарга Ши Жиньпин
нартай уулзана.
Ulaanbaatar