“Хүннү” дэд станцын бүтээн байгуулалт 84 хувийн гүйцэтгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хүннү хотод Засгийн газрын байгууллагууд, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн төвийг байрлуулахаар төлөвлөж буй.
НЗДТГ-ын мэдээлснээр, энэ хүрээнд цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн ажлыг хийж байна.“Хүннү” дэд станц нь тус хотын засаг захиргааны бүсэд барих барилга байгууламж, бүтээн байгуулалтыг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ. Үүнд, 110 кВ-ын ЦДАШ, 2*40 МВА чадалтай 110/35/10 кВ-ын "Хүннү" дэд станц, дэд станцын удирдлагын байр,10 кВ-ын хаалттай гурав хуваарилах байгууламж / РП-1, РП-2, РП-3/, 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажлыг “Да хот” компани болон “Концепт капитал солюшнз” компани гүйцэтгэж, ажлын явц 84 хувьтай байна.
“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт Хүннү хотыг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн Монгол Улсын тээвэр логистикийн гол төв байхаар төлөвлөж, цаашид Зүүн Хойд Азийн агаарын зорчигч тээврийн нэгдсэн зангилаа төв болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлжээ.. Хүннү хот байгуулснаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богд Хаан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр логистикийн төв байгуулж, Монгол Улсын эдийн засгийг 10-15 хувиар тэлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Монгол Улсын Их
хурлын 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Хүннү хотын эрх зүйн байдлын тухай
хуулийг баталж, улмаар нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач
холбогдол бүхий Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан. Хүннү хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион
байгуулалт, эдийн засагтай, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх, Төв
аймагтай бүх талаар хөгжлийн интеграцид орж хотын эдийн засгийн үр ашгийг хамт
бүрдүүлэх үүрэгтэй байх ажээ.
Ulaanbaatar