4 200 км-ын зайнаас нүдний мэс ажилбарыг амжилттай хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ШАНХАЙ, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /TASS/. Хятадын нүдний эмч нар мэс заслын робот ашиглан дэлхийд анх удаа 4 200 км-ын зайд буй өвчтөний нүдний торлог бүрхэвчинд тарилга хийх мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэсэн тухай Сунь Ятсены их сургууль мэдээлжээ.
Мэс заслыг Гуанжөүгийн эмч нар Өрөмч хотын өвчтөнд 5G холбооны тусламжтайгаар робот гарыг удирдан хийсэн байна.
“Энэхүү мэс ажилбар нь Хятадад алсын зайн өндөр нарийвчлалтай нүдний мэс заслыг практикт хэрэгжүүлэхэд чухал алхам болж байна” гэж Сунь Ятсены их сургуулийн “Жүншань” нүдний төвийн төлөөлөгч Линь Хаотянь онцолжээ.
Робот Өрөмч хотод байгаа өвчтөний нүдэнд бичил зүүг оруулсан бол Гуанжөүгийн мэргэжилтнүүд түүнийг зайнаас удирдан зүүг шаардлагатай гүнд нэвтрүүлж, эмийг тарьсан байна. Мэс ажилбар долоон минут хүрэхгүй хугацаанд үргэлжилжээ.
Ulaanbaatar