ПСЖ, "Реал" багууд дөрөвдүгээр тойрогт хожигджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр
сарын 5. /ТАСС/. Аваргуудын лигийн тэмцээний үндсэн шатны IV тойргийн тоглолтод
Английн “Ливерпүүл” багийн хөлбөмбөгчид өөрийн талбайд Испанийн “Реал” багийг 1:0
харьцаагаар хожлоо.
“Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд
болсон тоглолтын 61 дэх минутанд талбайн эзэн багийн Алексис Мак Аллистер цорын
ганц гоолыг оруулсан байна.
Хоёр баг Аваргуудын лигт 13 удаа
учраа тааран тоглосон бөгөөд ливерпүүлчүүд 5 удаа, реалчууд 7 удаа хожиж, нэг
тоглолт тэнцээгээр өндөрлөжээ.
Энэ улирлын эхээр Испанийн иргэн Хаби Алонзо “Реал”-ын ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд тэрбээр "Ливерпүүл" (2004-2009) ба "Реал"-ыг (2009-2014) дасгалжуулж байх үед хоёр баг хоёулаа Аваргуудын лигийн ба УЕФА-гийн Супер цомд түрүүлж байв.

Одоогийн байдлаар хоёр баг адилхан 9 оноотой байгаа бөгөөд дараагийн тойрогт “Ливерпүүл” баг Нидерландын ПСВ, “Реал” баг Грекийн “Олимпиакос”-тай энэ сарын 26-нд тоглоно.
Мөн өчигдөр Парис хотын “Парк де Пренс”
цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Германы “Бавариа” багийн хөлбөмбөгчид
Францын “Пари Сен-Жермен” багийг 2:1 харьцаагаар буулган авчээ.
Германы багийн Луис Диас 4 дэх ба
32 дахь минутанд хоёр гоол оруулсан бол ПСЖ-гийн Жоау Невеш 74 дэх минутанд
хариу гоолыг хийжээ. Нэгдүгээр үеийн нэмэлт цагт Диас улаан хуудас авч
талбайгаас хөөгдсөн байна.
Хоёр баг Аваргуудын лигт нийтдээ
15 удаа учраа тааран тоглосноос “Бавариа” 9 удаа, ПСЖ 6 удаа хожжээ. Өнгөрсөн
улиралд парисчууд Аваргуудын лигт анх удаагаа түрүүлсэн бол “Бавариа” баг 6
удаа аваргалжээ.
Энэ улирлын Аваргуудын лигийн тэмцээний
дөрвөн тойргийн дараах байдлаар Венсан Компани-гийн удирдсан баваричууд 12
оноотой байгаа бол ПСЖ анхны ялагдлаа хүлээж, 9 оноотой байна. Дараагийн
тойрогт “Бавариа” баг Английн “Арсенал”-тай талбайд нь тоглох бол Парисын баг
Английн “Тоттенхэм”-ийг хүлээн авч тоглоно. Тоглолтууд 26-ны өдөр
болно.
Аваргуудын лигийн тэмцээний
үндсэн шатны тоглолтуудад 36 клуб оролцож байна. Багууд нийт 8 тоглолт
хийхээс 4 тоглолтыг өөрийн талбайд, 4-ийг нь өрсөлдөгч багийн талбайд хийх юм.
Тэдгээрээс эхний наймд орсон багууд шууд шөвгийн 16-д шалгарах бол 9-24 дүгээр
байр эзэлсэн багууд хоорондоо нэмэлт тоглолт хийж, плей-оффт шалгарах
ёстой.
Ulaanbaatar