XIV Пап лам Лео Палестины тэргүүн М.Аббастай уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
РОМ, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /Anadolu/. Ватиканы тэргүүн, католик шашны удирдагч XIV Пап лам Лео Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзаж, Газын зурвасын иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, “хоёр улс зэрэгцэн орших” шийдэл зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Итали, Ватиканд албан ёсны айлчлал хийж буй М.Аббас өндөр түвшний уулзалтууд хийсэн байна.
Пап, Аббас нарын уулзалтын талаар Ватиканаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, хоёр удирдагчийн энэ удаагийн уулзалтыг 2015 оны зургаадугаар сарын 26-нд талууд иж бүрэн хэлэлцээр байгуулсны 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн дагуу Ватиканы тал Палестины Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
“Уулзалтын үеэр Газын энгийн иргэдэд яаралтай хүмүүнлэгийн тусламж хүргэх шаардлагатайг онцолж, мөн хоёр улс зэрэгцэн орших зарчимд тулгуурласан шийдлээр мөргөлдөөнийг зогсоох хэрэгтэй гэдгийг талууд цохон тэмдэглэв” гэж мэдэгдэлд дурдсан байна.
XIV Пап Лео, Аббас нар өмнө нь долоодугаар сарын 21-нд утсаар ярилцах үеэрээ Газын нөхцөл байдал болон Баруун эрэгт гарч буй хүчирхийллийн асуудлыг хэлэлцжээ.
Палестины тэргүүн Аббас мөн Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла, Ерөнхий сайд Жоржиа Мелони нартай уулзана.
М.Аббас айлчилж буйтай холбогдуулан Ромд аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авчээ.
М.Аббас лхагва гарагт Ромд хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр айлчлалынхаа эхэнд гэгээн Санта Мариа Мажорын (Santa Maria Maggiore) сүмд зочилж, энэ оны дөрөвдүгээр сарын 21-нд таалал төгссөн католик шашны өмнөх удирдагч Пап Францисийн бунханд хүндэтгэл илэрхийлжээ.
Ватиканы албан ёсны хэвлэл “Vatican News”-ийн мэдээлснээр, Аббас түүний бунхан дээр цэцгийн баглаа үлдээгээд сүмээс гарахдаа “Би Пап Францисийн Палестин болон Палестины ард түмний төлөө хийсэн үйл хэргийг хэзээ ч мартахгүй. Тэрбээр хэн нэг хүн хүсэлт гаргахыг хүлээлгүйгээр Палестиныг хүлээн зөвшөөрсөн юм. Тиймээс би хамгийн түрүүнд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэхээр ирлээ” гэжээ.
2023 оны аравдугаар сараас эхлэн таалал төгсөх хүртлээ Пап Францис Газад явуулж буй Израилын армийн ажиллагааг хурцаар шүүмжилдэг байсан юм.
Ulaanbaatar