Баян-Өлгийчүүдээс авлигатай холбоотой мэдээллийг 18-ны өдөр хүртэл авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт өнөөдрөөс ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч, Ш.Хабыл, аймгийн прокурор Т.Батсүх нарын зэрэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 13 гишүүнтэй ажлын уулзалт хийлээ.
Шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагынханд эхлээд Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг иргэд, олон нийтэд сурталчлах, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцож, тус аймаг дахь авлигын зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийг солилцсон байна. Мөн нутгийн захиргааны байгууллагын мэдүүлэг гаргагч 60 гаруй албан хаагчид Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг танилцуулж, “Ашиг сонирлын зөрчлийн тухай ойлголт, ач холбогдол”, “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо мэдүүлэх” асуудлаар тус тус сургалт зохион байгуулж, тэдний сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв. Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт энэ сарын 18-ны өдрийг дуустал ажиллахдаа тус аймгийн иргэд авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авна.
Ж.Батсайхан