Gen-Z хөдөлгөөнийхөн хэлэлцээрийн төслөө Засгийн газарт хүргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-12 17:48:25

КАТМАНДУ, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /TASS/. Балбад авлига, хээл хахууль газар авсныг, мөн нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн өргөн хэмжээний жагсаалыг өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан "Gen-Z" хөдөлгөөний удирдагчид улс төр, эдийн засгийн реформыг хэрэгжүүлэх тухай есөн заалт бүхий хэлэлцээрийн төслийг гарын үсэг зуруулахаар Засгийн газарт хүргүүлжээ. Энэ тухай “The Kathmandu Post” сонинд эх сурвалжуудыг эш татан мэдээлсэн байна. 


"Gen-Z" хөдөлгөөний удирдагчид авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст холбогдох хуулийн арга хэмжээг авахыг шаардсан байна. Мөн ирэх оны гуравдугаар сард явуулахаар товлосон парламентын сонгуулийн өмнө улс төрийн намуудын санхүүгийн эх үүсвэрийг нягт шалгах, хууль бусаар олж авсан хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх, намуудын зардлыг ил тод болгохыг шаарджээ. Мөн чөлөөт, шударга, тайван сонгууль явуулахын тулд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа ажээ. 


“Засгийн газар эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд Gen-Z үеийнхэн болон залуучуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, зайлшгүй хийх шаардлагатай шинэчлэлүүд, хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг судлах ёстой” гэж  уг хэлэлцээрийн төсөлд дурджээ. Үүнээс гадна, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай зөвлөмжийг хэлэлцэх бие даасан дээд түвшний комисс байгуулах санал тавьсан байна. 


Балбын Ерөнхий сайд Сушила Карки өмнө нь мэдэгдэхдээ, эрх баригчид залуучуудтай хамтран ажиллаж, тэдний шаардлагыг хүлээн авахад бэлэн байна гэжээ. “Залуу үеийнхний удирдсан хувьсгалыг” хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж тэрбээр хэлжээ.


Есдүгээр сарын эхээр тус улсын нийслэл Катманду болон бусад хотод нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалж, улс орныг нөмөрсөн авлигын эсрэг хатуу арга хэмжээ авахыг шаардсан жагсаал болж, улмаар үймээн самуун дэгдсэн билээ. Жагсагчид ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламент, дээд шүүхийн байруудыг галдан шатааж, улс төрчид, албан тушаалтнуудын гэр орон руу дайрчээ. Үймээн самууны үеэр 70 гаруй хүн амиа алдаж, 1300 гаруй хүн гэмтэж шархадсан байна. 


Есдүгээр сарын 12-нд Балын Дээд шүүхийн дарга асан Сушила Каркиг түр засгийн газрын тэргүүнээр томилсон бөгөөд тэрбээр тус улсын түүхэнд энэхүү албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй болсон юм. С.Карки одоогийн засгийн газрыг 6 сараас илүү хугацаанд ажиллахгүй гэдгийг мэдэгдсэн бөгөөд парламентын сонгууль 2026 оны гуравдугаар сарын эхээр болох төлөвтэй байна.

Связанные новости